Цаг үеийн мэдээ

Өмнөд Солонгосчууд коронавирусийг үл харгалзан Үндэсний Ассамблейнхаа 300 гишүүнийг сонгох сонгуульд идэвхтэй оролцож байна.  

Сонгуульд нийт 35 намын нэр дэвшигчид өрсөлдөж байгаа боловч өрсөлдөөн эрх баригч “Минжү” /ардчилсан/ нам болон сөрөг хүчний “Нэгдсэн ирээдүй нам”-ын хооронд хүчтэй явагдах нь тодорхой байна.

Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ удаагийн сонгууль түүхэндээ анх удаагаа эрүүл мэндийн өндөржүүлсэн бэлэн байдалд явагдаж байгаа юм.

Сонгогчид саналаа өгөхдөө заавал амны хаалт зүүж, биеийн халуунаа шалгуулж, гараа халдваргүйжүүлж, нэг удаагийн бээлий өмсөж, хоорондоо нэг метрийн зайтай зогсох ёстой юм.

Тус улсын нийт хүн амынх нь 26 хувь буюу 11 сая хүн хугацаанаас өмнө нээгдсэн санал авах байруудад өнгөрөгч баасан, бямба гарагуудад очиж  урьдчилан саналаа өгсөн юм.

Энэ удаагийн парламентын сонгуулийн бас нэгэн онцлог нь 18 настнууд сонгуульд анх удаагаа саналаа өгч байгаа юм.

Өмнөд Солонгос улс түүхэндээ нэг ч удаа ээлжит сонгуулиа хойшлуулж байгаагүй юм. 1952 оны Солонгосын дайнаар хүртэл Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулж байсан Солонгосчуудын хувьд ковид-19 цар тахал энэ удаагийн сонгуулийг ч мөн хойшлуулах шалтгаан болж чадахгүй хэмээн үзэж байгаа юм байна.

Гэхдээ сонгуулийн үеэр халдварыг дахин дэгдээхгүйн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа юм байна.

Хэрэв 37,5-аас дээш халуунтай хүн байвал бусад хүмүүсээс тусгаарласан тусгай өрөөнд саналыг нь авахаар зохицуулжээ. Коронавирусийн халдвар авч эмнэлэгт эмчлүүлж байгаа иргэд явуулын хайрцагт саналаа өгч байгаа юм байна.

Хөл хорионд байгаа 60 мянган иргэний хувьд 17:20 минутаас 19:00 цагийн хооронд санал авах тусгай байранд очиж саналаа өгөх эрхтэй юм байна. Ингэхдээ нийтийн тээвэр ашиглахгүйгээр зөвхөн хувийн машинаараа явах ёстой юм байна.

БНСУ-д өнөөдрийн байдлаар халдварын 10564 тохиолдол бүртгэгдэж, 222 хүн амиа алдаад байгаа юм.

Эх сурвалж: ВВС