Цаг үеийн мэдээ

      Түүнийг нас барсны дараа Иоко түүнийг хайрлаж байсан дэлхий даяарх бүх хүмүүст Жоны төлөө залбирахыг уриалж мэдэгдэл хийснээс хойш сураг тасарсан билээ. Иоко дахин хүнтэй гэрлэлгүй, Жон Леноны үлдээсэн гэгээн дурсамжтай хамт амьсгал хураана хэмээн ярьдаг. Зарим хүмүүс Иоко Онотой гэрлэснээс болж алдарт “Битлз” хамтлаг тарсан хэмээн буруушаадаг. Гэсэн хэдий ч Иоко өнгөрсөн хугацаанд Жон Ленноныг алдсандаа гашуудан суулгүй, авангард уран бүтээлээ туурвиж, 70 гаруй насандаа хувцасны загвар зохиож, хүү Шонтойгоо дуулсаар байлаа. Тэрээр “Мэдээж нөхөр минь амьд байсан бол гэж цаг үргэлж боддог. Гэхдээ би уйлаад суухыг хүсдэггүй. Жон амьд байсан бол интернэт түүнд таалагдаж, твиттерт дурлах байсан байх. Тэр минь 70 гарсан ч цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах байсан гэдэгт би эргэлздэггүй. Би л гэхэд дээрх бүхнээс татгалзаж, гэртээ зүгээр сууж чадахгүй байна шүү дээ” хэмээн хожим нэгэн ярилцлагадаа дурсан ярьсан байдаг.

      

Тэдний анх хоёр биенээ харсан түүх гайхамшигтай сайхан, бүүр ахин дахин уншмаар. Жон Леннон 1966 оны 11 дүгээр сарын 9-нд нэгэн урлагийн галлерейд очжээ. Тэр өмнө нь уран зургийг нэг их сонирхож байгаагүй аж. Гэтэл уг галлерйд түүний ирээдүйн эхнэр Иоко Оно-ийн “Дуусгаж амжаагүй бүтээл” нэртэй уран зургийн үзэсгэлэн гарч байж. Чухамдаа энэ үеэс эхлэн Жон Леннон зураач бүсгүйд сэтгэл алдран, хүчтэйгээр татагдсан гэдэг. 

“Иокотой нэг ч үг солиогүй хэрнээ түүн рүү яг л төмрийн үртэс соронзонд наалдахтай адил татагдаж, өөрийгөө салгаж чадаагүй” хэмээн хожим нь дурссан байдаг. 

Тухайн үед Жон Леннон анхны эхнэр Синтиятайгаа гэрлэж, Жулиан нэртэй хоёр настай хүүтэй болсон байсан ч Иокод маш ихээр дурласнаа хэлээд хамт байхыг хүсч буйгаа илэрхийлсэн байна. Харин Иоко түүний саналыг хүлээж аваагүй хэрнээ дотно харилцаатай байхыг зөвшөөрчээ. Ийхүү гурван жилийн турш Иокотой дотно харилцаатай байх үедээ Жон Леннон түүний оргил бүтээлүүдийн нэг болох “Made love at down” бүтээлээ гаргаж байжээ.

 

Өөртөө дэндүү итгэлтэй Япон бүсгүй Иоко багадаа нөлөө бүхий гэр бүлийн эрх охин байв. Түүний өвөө эзэн хааны гэр бүлээс гаралтай язгууртан хүн байсан бол ээжийнх нь өвөг эцэг “Ясуда” банкийг үүсгэн байгуулсан баян чинээлэг нэгэн байсан юм. Тиймээс түүний бага балчир нас элбэг хангалуун өнгөрчээ. 

Улмаар дайны дараа аав нь Сан Францискод ажиллахаар болж, тэд гэр бүлээрээ АНУ-д амьдрахаар иржээ.

      

Жон Ленонгүй амьдарсан 40 жилийн хугацаанд Иоко өөрийнхөө л байж бүтээж, туурвиж, Сийн Ленон хүүгийнхээ хамт дуулсаар амьдарч байна. Гэхдээ түүний зүрх сэтгэлээс хайртай хүн нь хэзээ ч холдоогүй. “Удахгүй уулзах тэр л мөчийг би тэсэн ядан хүлээх болно” хэмээн Иоко өгүүлж байна.