Цаг үеийн мэдээ

Хятадын Гуанжоу дахь МакДональдсын нэгэн салбар өнгөт арьстнуудад үйлчлэхээс татгалзсан нь ихээхэн шүүмжлэл дагуулсан байна.

Өнгөт арьст хүмүүсийг орохыг хориглосон бичиг үүдэндээ наасан салбарын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа юм байна.

Гуанжоуд хотын оршин суугчид болон Африкийн иргэдийн хооронд зөрчил үүсээд байгаа юм. Хятадад байгаа Африкийн иргэдээс коронавирусийн халдвар илэрсэн гэх цуурхал дэгдсэний дараа Гуанжоу дахь Африкийн иргэд амьдарч байсан байр, зочид буудлаасаа олон арваараа хөөгдөж гудамжинд гарсан юм.

Мөн үйлчилгээний олон ч газар өнгөт арьстнуудад үйлчлэхээс татгалзсаны нэг нь МакДональдс юм. Гуанжоу дахь салбарынх нь гаргасан энэ үйлдэл нь бидний эрхэмлэдэг үнэт зүйлд харшилсан байж боломгүй үйлдэл хэмээн үзэж байгаагаа МакДональдсийн төвөөс албан ёсоор мэдэгдэж, уучлал хүссэн байна.

Хятадын худалдаа үйлдвэрлэлийн гол төв болсон Гуанжоуд Африкийн худалдаачид болон бизнес эрхлэгчид ихээр амьдарч, ирж очдог юм.

Коронавирусээс шалтгаалан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал иргэдийн зүгээс нэмэгдэж байгаа нь Африк-Хятадын найрсаг харилцаанд сэв суулгаж байгааг хотын удирдлагууд нь хэлж байгаа юм.

Өвчний ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн эсэхийг асуухгүйгээр албадан шинжилгээ авч, байрлаж байгаа байр, зочид буудлаас нь хүчээр хөөн гаргаснаас болж Африкийн иргэд зочид буудлын гадаа, гудамжинд болон гүүрэн доор хоноглож байгааг Гуанжоу дахь Африк иргэдийн нийгэмлэгийн тэргүүн хэлсэн байна.