Цаг үеийн мэдээ

Дэлхий нийтийг хамарсан  “Covid-19” цар тахлын улмаас онцгой дэглэм тогтоосон энэ үед ажлын байрыг  хадгалах, үндсэн нэр төрлийн үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний хангамж, нөөцийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх, хаврын тариалалтын дэмжлэгийг бодитой байлгах нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мөн улаанбуудай, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тос, тэжээлийн болон хүлэмжийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай 138-р тогтоолыг Монгол улсын Засгийн газраас батлан гаргасан.

Уг тогтоолд 2020 онд 360.0 мянган га-д улаанбуудай, 16.0 мянган га-д төмс, 11.6 мянган га-д хүнсний ногоо, 45.0 мянган га-д тосны, 38.2 мянган га-д тэжээлийн ургамал, 7.3 мянган га-д жимс жимсгэнэ тариалах ажлыг технологийн хугацаа, зөвлөмжийн дагуу шуурхай зохион байгуулах тухай тусгагдсан юм.

“Хүнсээ бэлтгэх нь бүх нийтийн үйлс” аяныг орон даяар “Өрх бүр хүнсээ бэлтгэе” уриалга дор эхлүүлж буй 2020 оны хаврын тариалалтад баримтлах агрозөвлөмжийг Дархан хотын Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөс гаргажээ.

2020 ОНЫ ХАВРЫН ТАРИАЛАЛТАД БАРИМТЛАХ АГРО ЗӨВЛӨМЖ

Монгол орны уур амьсгалын горимд хуурайшилт нэмэгдэж, дулааны улирал уртассан,  хавар эрт дулаарч, намар орой хүйтэрч байгаа, аагим халуун өдрийн тоо нэмэгдэж хахир хүйтэн нөхцөл зөөлөрч байгаа,  агаарын 5°С; 10°С-аас дээшхи ашигтай болоод идэвхтэй дулааны нийлбэр, хур тунадасны эрчим болон аадар бороо орох тохиолдол нэмэгдэж байгаа, хур тунадасны улирлын хувиарлалт өөрчлөгдөн гамшигт үзэгдлийн давтагдал ихсэж, эрчим нь нэмэгдэж байгаа зэрэг олон сөрөг үр дагаварууд бодитой бий болоод байна. Хуурай гандуу уур амьсгалтай манай орны нөхцөлд таримлаас тогтвортой арвин ургац авах боломжийг хязгаарлаж байгаа гол хүчин зүйл нь хөрсний чийгийн хангамж юм. Иймээс хөрсний чийгийн нөөц, хангамжийг нэмэгдүүлэх гол эх үүсвэр нь орсон хур тундасыг хөрсөнд бүрэн шингээн хуримтлуулж авах уриншийн боловсруулалтын тоо, төрлийг хөрсний онцлогт тохируулан зөв сонгох явдал чухал болно.

Төвийн бүс. Манай орны газар тариалангийн бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг энэ бүсэд 5-р сарын дундаж температур Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар 5-10 градус буюу олон жилийн дундаж орчим, бусад нутагт олон жилийн дундажаас 1.5-2.0 градусаар дулаан байх урьдчилсан төлөв гарчээ. Энэ нь үр суултын гүний дулааны хангамж сайжрах боловч нөгөө талдаа хөрс эрт халж чийг ууршилт нэмэгдэх сөрөг нөлөөтэй.

Зургадугаар сард төв бүсэд мөн л олон жилийн дунджаас 1.5-2.00 С дулаан байх төлөв гарсан нь хөрснөөс ууршиж алдагдах  чийгийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Энэ сөрөг нөлөөг багасгаж ургацыг хамгаалдаг тунадасны хэмжээ олон жилийн дунджаасаа бага байх төлөвтэй. Ийм нөхцөлд хэт эрт таривал буудай бутлалтаас гол хатгалтын шатандаа ганд нэрвэгдэх аюултай. 6-р сарын хур тунадас ургацад шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хэмжээний хувьд олон жилийн дунджаас бага хур тунадас  орохоор байгаа ч  үр дүн нь хэдийд ямар хэмжээтэй орохоос шууд хамаардаг. Хэрэв  унах тунадас нь сарынхаа 2-р хагаст багтаж ашигтай хэмжээгээр орвол хөрсний угтвар чийг хангалттай юмуу дунд зэрэг хэмжээтэй байгаа газруудад 3.5 сая ширхэг, хангалтгүй чийгтэй талбайд 3.0 сая ширхэг соёолох чадалтай үрээр тухайн нутагт тариалах тохиромжтой хугацаанд тарина.

Тарихын өмнө үрийг нарлуулах, фракцлах, ариутгах  ажлыг заавал хийнэ. Гуурстай талбайд тарих эсэхээ орон нутгийн хэмжээнд өөрсдөө шийдэх бөгөөд хэрэв тарих бол үртэй  хамт азотын  бордоог  20 кг-аас багагүй хэмжээгээр  хийж өгвөл сайн. Хог ургамал бага,тэгш гадаргуутай талбайд СЗС маягийн суман хошуутай үрлүүрээр 6-7 см гүнд эхний ээлжинд шууд тарина.

Үе үе бага зэргийн бороо орох нь хог ургамлыг ургуулах нэг нөхцөл болдог тул хог ургамал ихтэй талбайд буудайн бутлалтаас гол хатгалтын үе шатанд гербицид цацна.  Мөн гантай буюу гандуу жилүүдэд хортон шавж, өвчин гарах магадлалтай тул  гарсан тохиолдол бүрт тохирсон ургамал хамгааллын бодисыг шүршиж тэмцэнэ.

Зүүн бүс. Энд хүйтэнгүй хоног үргэлжлэх хугацаа харьцангуй урт, 5,6 сард салхи ихтэй, анхны бороо нилээд хожуу ордогоороо төвийн бүсээс ялгаатай. Өнөө жилийн  хөрсний угтвар чийгээр энэ бүсэд багтдаг Хэнтий,Дорнод, Сүхбаатар аймгийн тариалан бүхий сумуудад хангалтгүй, дулааны хэмжээ  төвийн бүстэй адил олон жилийн дунджаас их байна. Ийм нөхцөлд тарих хугацааг тохируулах, сортыг зөв сонгоход  онцгой анхаарвал зохино,тэгэхдээ агротехникийн бусад элементүүдэд нягт нямбай хандах хэрэгтэй. Зүүн бүсэд 6-р сард орох тунадас олон жилийн дундаж  орчимд, 7-р сард дунджаас ахиу хэмжээтэй байгаа нь нааштай үзүүлэлт юм. Энэ бүсэд хөрсний угтвар чийгийн зарцуулалтыг зуны түрүүчийн бороотой залгуулахын тулд агротехникийн тохиромжтой хугацааныхаа эхний хагаст дундын болон дунд оройн сортуудыг, хугацааны сүүлч рүү эртийн сортыг сонгож, үрийн нормыг хуучин мөрддөг хэмжээнээсээ ялимгүй нэмэгдүүлээд таривал зохино. Тарилтыг өөртөө булгүй  үрлүүрээр хийсэн тохиолдолд араас нь заавал булдаж хөрсийг нягтруулж өгвөл зохино.  

Баруун ба говийн бүс нь хөрс уур амьсгалын хувьд усалгаатай тарихад тохиромжтой боловч Увс,Завхан аймгуудад үр тариа,тэжээлийн зарим ургамлыг услахгүйгээр ургуулдаг 60 шахам  мянган га газар байгаа,үүний ихэнх нь Увсын Баруунтуруун суманд байдаг. Услахгүйгээр ургац авдаг газар бол байгалиас бидэнд зориулж бүтээсэн үнэлж  баршгүй баялаг учраас алга дарам хэмжээтэй байсан ч  чамлалгүй ашиглах хэрэгтэй. Өнөө жил гуурстай талбайн хагалгааны давхаргад 16 мм, 0-50 см гүнд 47 мм чийгтэй байгаа нь дунд хангалттай үзүүлэлт, гэхдээ энд хавар цас оройтож хайлдаг болохоор тарилтын үед хөрс өнгөндөө голдуу чийгтэй байдаг онцлогтой. Энэ нь 6-р сард олон жилийн дунджаас бага байх тунадасны хомсдлыг ямар нэгэн хэмжээгээр нөхөх бололцоотой.

Үрийн норм бага 2.5 сая буюу 100 кг орчим соёолох чадвартай үрээр агротехникийн тохиромжтой хугацааны сүүлийн хагаст тариалах талбайн 80 хүртэл хувьд нь  эрт болцтой сортыг, 20 орчим хувьд нь дундын болцтой сортыг хугацааны сүүлчээр тариална. Мөн тарих талбайгаа азотын бордоо бордох, тарилтын дараа булдах шаардлагатай.

Газар тариалангийн салбарын эзэд, тариаланчид хөрсний үржил шимийг хамгаалсан, хөрсний чийгийн алдагдлыг бууруулсан, механик боловсруулалтыг цөөлж цомхотгосон, бордоо, ургамал хамгааллын арга хэмжээг зохистой хэмжээгээр хэрэглэж хэвшсэн,  байгаль экологид сөрөг нөлөөгүй дэвшилтэт техник, технологиор тариаланг хөтлөн явуулах.

Цаг агаарын өөрчлөлт, ган хуурайшилт нь ургацын хэмжээ чанарт сөргөөр нөлөөлж байгаа ч  бид цаг агаарын эрсдэлтэй нөхцөлд ч гэсэн өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг өөрөөр хэлбэл тариалах технологийн горимыг мөрдөж ажиллах шаардлагатай байна.