Цаг үеийн мэдээ

Бразилийн холбооны шүүх улсынхаа Ерөнхийлөгч Жайр Болсонарод коронавирусний шинжилгээний хариугаа танилцуулах 5 хоногийн хугацаа олгосон байна. Хэрэв энэ хугацаа хэтэрвэл шүүхийн шийдвэр биелүүлээгүй өдөр бүрт нь 911 ам.долларын торгууль бодож оногдуулах юм байна.

Энэ оны 3 дугаар сард Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болсонаро албаны төлөөлөгчдийнхөө хамтаар АНУ-д айлчилсан байна. Айлчлалд багтсан 20 гаруй хүнээс эх орондоо ирснийх нь дараа коронавирусний халдвар илэрчээ. Харин Ерөнхийлөгч Жайр Болсонора хэд хэдэн удаа шинжилгээнд хамрагдаж, коронавирус илрээгүй байна.

Гэвч улсынх нь холбооны шүүх түүнийг шинжилгээнийхээ бодит хариуг нууж байна хэмээн буруутгаж байгаа юм. Хэрэв шинжилгээгээр коронавирустэй нь тогтоогдвол өөрийгөө тусгаарлах дэглэмийг зөрчиж, олон нийттэй харилцаж байсан хэрэгт буруутгагдаж, торгууль төлж, цаашлаад албан тушаалаас нь огцруулах эсэх асуудал хөндөгдөх юм байна.

Харин Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болсонаро өөрийнх нь эсрэг энэхүү хардлагыг үгүйсгэж, коронавирусний халдвар аваагүй, шинжилгээний хариу нь сөрөг гарсан гэдгийг хэлсээр байгаа юм. Бразил улсад өнөөдрийн байдлаар халдварын 97 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, 6761 хүн амиа алджээ.