Цаг үеийн мэдээ

Беларусь улс коронавирусний дэгдэлтийг үл харгалзан ялалтын баярын 75 жилийн ойг олон нийтийг хамруулан сүр дуулиантайгаар тэмдэглэн өнгөрүүллээ.

Минск хотод болсон цэргийн сүрт жагсаалд 2846 цэргийн албан хаагч,  206 техник, байлдааны 169 техник хэрэгсэл оролцсон байна. Мөн Минскийн тэнгэрт цэргийн 40 гаруй нисдэг тэрэг, онгоц нисч агаарын парад толилуулсан байна.

2 км урттай цэргийн сүрт жагсаалын энэ жилийн онцлог нь Беларусийн зэвсэгт хүчний сүр хүчийг гайхуулсан орчин үеийн шинэ техникүүдийг дэлгэн харуулсан байна.

Өнөөдрийн байдлаар Беларусь улсад коронавирусний халдварын нийт 21101 тохиолдол бүртгэгдэж, 121 хүн нас бараад байна. Зөвхөн өнгөрсөн нэг хоногийн хугацаанд халдварын 933 тохиолдол шинээр бүртгэгджээ.  

Коронавирусний нөхцөл байдал хүнд байгаа энэ үед хүмүүсийг нэг дор олноор нь цуглуулж цэргийн парад зохион байгуулсныг нь олон улсад хурцаар шүүмжилж, Беларусийн эрх баригчдыг ард түмнийхээ эрүүл мэндийг хайхрахгүй байгаад буруутгаж байгаа юм. Харин Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ялалтын парадыг зохион байгуулсан шийдвэрээ зөвтгөж, өөрийг нь шүүмжлэхгүй байхыг хүсчээ.

“Бидний эрх чөлөө, энх тайван, сайн сайхны төлөө алтан амиа алдсан Зөвлөлтийн эрэлхэг дайчид, зоригт ард түмний нүд өнөөдөр ч гэсэн биднийг харсаар байгаа. Тиймээс 75 жилийн турш яруу алдрыг нь дуурсгасаар ирсэн уламжлалт баярыг цуцлах талаар бодох ч эрх бидэнд байхгүй” хэмээн Александр Лукашенко байр сууриа хамгаалан хэлж байгаа юм.

Эх сурвалж: РИА Новости