Цаг үеийн мэдээ

      Сингапурын эрдэмтэд коронавирусний халдвараас хамгаалж, мутацид орохоос сэргийлэх таван төрлийн эсрэг биет илрүүлсэн гэж Сингапурын Батлан хамгаалах судалгааны байгууллагаас /DSO/ мэдээллээ.

     Хамгийн түрүүнд “AOD01” гэх эсрэг биетийг хүн дээр турших ба туршилт ирэх сард эхэлнэ. Одоогоор Сингапурын Эрүүл мэндийн шинжлэх ухааны газраас зөвшөөрөл хүлээж байгаа аж.

   DSO нь гуравдугаар сараас хойш коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний цуснаас дээж авч эмгэг төрүүлэгч рүү чиглэсэн эсрэг биетийг үүсгэдэг хэдэн мянган B эсэд шинжилгээ хийж байв.

   Ийнхүү Сингапурын нэгдсэн эмнэлэг болон Халдварт өвчин судлалын үндэсний төвүүдээс авчирсан цусны дээжээс нэг сарын дотор хоёр эсрэг биетийг ялгаж чаджээ. Харин хоёр сарын дараа гэхэд дахин гурван эсрэг биетийг гарган авсан байна.

    Хэрэв эмнэлзүйн туршилт амжилттай болбол эсрэг биет нь вирусийг уушги руу орж өвчнийг хэт хүндрэхээс сэргийлж чадна гэж үзэж байгаа аж.