Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2020.06.30/ 11:00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  : 2020 оны 6 сарын 29 нд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, Дархан – Уул аймгийн салбар лабораториуд нийтдээ 357 хүнд шинжилгээ хийсэн ба бүгдэнд нь коронавирус илрээгүй. Үүнд : Ажиглах байранд тусгаарлагдсан 261 хүний давтан шилжилгээг хийсэн. Энэ нь Токио -Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүс голчлон байгаа. Мөн ажиглах байранд тусгаарлагдсан 66 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д хяналтанд байгаа 7 хүний шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй. Мөн идэвхитэй тандалтын зорилгоор УНТЭ, УХТЭ, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн сорьцноос сонгон, санамсаргүй түүврийн аргаар авч 6 сорьцод шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. Бид дотоодын тандалт буюу санамсаргүй түүврийн аргаар сорьцноос шинжилгээг байнга авч байна. Энэ нь Монгол улс дотооддоо халдвар байна уу? гэдгийг байнга тандаж байгаа гэсэн үг. Энэ бол маш чухал идэвхитэй тандалт хяналт юм.

Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 23 жолоочийн сорьцод шинжилгээ хийсэн коронавирус илрээгүй. Нийт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 220 байгаагаас эдгэсэн 175 хүн, эмчилгээнд 45 хүн байна. Биеийн байдлыг үнэлвэл 34 хүн хөнгөн, 11 хүн хүндэвтэр байна. Мөн эмчилгээнд коронавирусний халдвартай 2 жирэмсэн эмэгтэй, 2 хүүхэд байна.

 Бидэнд бас сайн мэдээ байна. ХӨСҮТ-ээс эмчлэгдээд гарсан жирэмсэн эмэгтэй дараагийн шатны сувилалд шилжилгүйгээр ХӨСҮТ-д үлдэж хяналтад байсаар өнөөдөр өглөө 07:20 минутад амаржиж охинтой боллоо. Баяр хүргэе.

За ингээд эцэст нь хэлэхэд дараагийн онгоцуудаар ирэх хүмүүсийг хүлээж авах ажлуудаа бид ханган бэлэн байдалд байна гэлээ.