Цаг үеийн мэдээ

Цар тахлын аюулыг үл ойшоон, хөл хориог эсэргүүцэж, амны хаалт зүүхээс татгалзаж байсан Бразилын Ерөнхийлөгч Жайр Болсонаро коронавирусний халдвар авсан тухайгаа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Тэрээр шинжилгээний хариу нь эерэг гарсаныг дуулгасан даруйдаа сэтгүүлчдийн өмнө амны хаалтаа авч, өөрийнх нь биеийн байдал сайн байгааг хэлсэн байна.

65 настай Болсонаро сэтгүүлчдэд хэлэхдээ “Ням гарагт бие маань тавгүйтэж эхэлсэн. Даваа гарагт улам муудаж бие маань ядарч сульдан, булчингаар өвдөж, 38 хүртэл халуурсан. Надад илэрч буй зовиур коронавирусний шинж тэмдэгтэй адил байгааг эмч маань хэлж шинжилгээ өгөхөд эерэг гарсан” гэжээ.

Түүний гэргий тэргүүн хатагтай Мишель Болсонаро мөн шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь ямар гарсан нь тодорхойгүй байна. Бие нь эдгэртэл хүмүүстэй биечлэн уулзахгүйгээр, ажил хэргээ цахим хэлбэрээр явуулах болно гэдгээ Бразилын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

Бразил улс нь коронавирусний халдварын тохиолдол болон нас баралтаараа АНУ-ын дараа дэлхийд 2 дугаарт бичигдэж байгаа ч, ерөнхийлөгч нь олон нийтийн арга хэмжээнд амны хаалтгүй оролцож, хүмүүстэй гар барин, тэврэлдэж байсан юм.

Тус улсад 1,623,284 хүн коронавирусний халдвар авч, 65 мянга гаруй хүн цар тахлаар амиа алджээ.

Эх сурвалж: CNN