Цаг үеийн мэдээ

Нидерландын цагдаа нар Роттердам хотод явуулсан тусгай ажиллагааныхаа үеэр шорон болгон ашиглаж, эрүү шүүлт явуулах зорилгоор тохижуулсан ачааны 7 чингэлгийг олж илрүүлсэн байна. Францын цагдаа нар гэмт этгээдүүдийн ашиглаж байсан EncroChat руу нэвтэрч, зурвасыг нь тайлснаар энэ хэрэг илчлэгджээ.

Хууль бус чингэлэг дотроос хана, шаланд бэхэлсэн гав, шүдний эмнэлгийн сандал, цагдаагийн хувцас, сум нэвтэрдэггүй хантааз, толгойн хаалт, мэс заслын багаж, цэцэрлэгжүүлэлтийн хайч гэх зэрэг эрүү шүүлтийн зорилгоор ашиглах гэж байсан зүйлсийг олсон байна. Чингэлгүүдийг дуу тусгаарлагчаар тоноглосон байжээ.  

Цагдаа нар сэжиг бүхий чингэлгүүдийг энэ оны 4-р сард хараандаа аван өдөр бүр ажиглаж эхэлсэн бөгөөд чингэлгийг харгис зорилгодоо ашиглахаас нь өмнө гэмт этгээдүүдийг баривчилж, хохирогчдыг хамгаалалтад авсан байна. Хүн барьцаалж, хүний наймаа эрхэлсэн хэрэгт 6 хүнийг сэжигтнээр баривчилжээ.

Эх сурвалж: CNN