Цаг үеийн мэдээ

Сербийн нийслэл Белград хотод коронавирусний улмаас зарласан онц байдлыг эсэргүүцсэн иргэд 2 дахь өдрөө үймээн самуун дэгдээсэн байна. Өнгөрсөн шөнө парламентын ордон руу дайран орсон жагсагчдыг цагдаа нар хүч хэрэглэн түрэн гаргажээ.

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич цар тахлын үеийн онц байдлыг ирэх даваа гараг хүртэл сунгаж байгааг зарласны дараа иргэд эсэргүүцлээ илэрхийлж гудамжинд гарч жагсаал хийж эхэлсэн юм.

Цагдаа нарын мэдээлж байгаагаар жагсаалд 5 мянга гаруй хүн оролцсон бөгөөд ихэнх нь тайван замаар жагссан байна.

Харин үймээн дэгдээсэн иргэдийн эсрэг цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинен сумтай буу хэрэглэжээ. Энэ үеэр 60 гаруй хүн гэмтэл авсаны дотор цагдаагийн 43 ажилтан багтаж байгаа юм байна.

Нийслэл хотод нь үүссэн үймээн самуун нь гадны тусгай албаныханы улс төрийн зорилготой зохион байгуулсан өдөөн турхиралт хэмээн үзэж байгаагаа Сербийн Ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Учир нь үймээн дэгдээгчид цар тахлын үед хэрэгжүүлж буй бодлогыг шүүмжилж бус харин Косовогийн асуудлыг хөндөж байсан хэмээн Александр Вучич мэдэгджээ.