Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас өнөөдөр /2020.07.25/ ээлжит коронавирусний  цаг үеийн мэдээллийн цагаар ХӨСҮТ-өөс дараах мэдээллийг өглөө. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "7 сарын 24-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 903 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задлаж хэлбэл : 7 сарын 4-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний 3 дахь давтан шинжилгээ, Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 262 хүний 2 дахь давтан шинжилгээг хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. БНХАУ-ын 191 иргэний шинжилгээг хийхэд мөн коронавирусийн халдвар илрээгүй. Манай улсад ажиллаж байсан 400 гаруй хятад иргэн нутаг буцаж байгаа. Тэднийг PCR шинжилгээнд хамруулж, лабораторийн бичгийг өгч, явуулах юм. Тэд манай улсын олон аймагт ажиллаж байсан тул нэг талаар тандалт судалгаа болж байна гэж хэлж болно. Мөн ажиглах байранд тусгаарлагдаж буй 39 эмч, ажилтнуудаас шинжилгээ авахад халдвар илрээгүй. Өвчтөнтэй шууд харьцаж буй эмч, сувилагч, ариутгалын ажилтан болон үйлчлэгч нарыг тусгаарлан, шинжилгээ авч байгаа. Идэвхтэй тандалтаар 11 сорьцийг санамсаргүйгээр сонгон авч шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илрээгүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 73 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд байгаа 20 хүний шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ, ачаа тээврийн 24 жолоочийн сорьцод шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илрээгүй. Нэг сайхан мэдээтэй. Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Энэ хүн нь 31 настай эмэгтэй, 32 хоног эмчлэгдэн гарсан байна. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 288 байгаагаас 218 хүн эдгэрч, дараагийн шатанд шилжээд байгаа юм. Одоо эмчилгээнд 70 хүн байгаа. Үүнээс 61 хүний биеийн байдал хөнгөн, 9 хүний биеийн байдал хүндэвтэр байна гэж үнэлэгджээ. Улсын хэмжээнд 6 лаборатори байгаа бөгөөд оношлуурыг нэмж захиалсан тул оношлуур, хүний нөөцийн хувьд хангалттай байгаа гэлээ.