Цаг үеийн мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд өнөөдөр Ургацын комиссын хурал боллоо.  Хурлыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Ургацын комиссын дарга З.Мэндсайхан удирдан явуулсан юм. Тэрээр “ургацыг хүйтрэлтээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах, хаягдалгүй хураах технологийг боловсруулж тариалачдад хүргэх, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангаж шуурхай  ажиллах”-ыг  үүрэг болголоо.

Ургац хураалтын ажилд оролцох оюутан, цэргийн алба хаагчид болон ажиллах хүчний судалгаа, захиалгыг орон нутгаас авч зохицуулалт хийснээр Хөдөө аж ахуйн Их сургуулийн 1992, Дотоод хэргийн их сургуулийн 500 оюутныг ургац хураалтын ажилд оролцуулах юм. 

Ургац хураалтад нийтдээ 1020 ширхэг комбайн ажиллах бөгөөд үүний 300 нь дэвшилтэт технологид суурилсан 2-6 жил ашиглагдаж байгаа өндөр хүчин чадлын комбайн байгаа бол төмс хураах комбайн 70 ширхэг, төмс ухагч 410 ширхэг, үр тариа цэвэрлэх, ялгах, ачих зориулалттай 678 ширхэг техник, тоног төхөөрөмж бэлэн болоод байна. 

 Энэхүү техникийн  хүчин чадлаар ургац хураалтын ажлыг технологийн 20-25 хоногт багтаан зохион байгуулах боломжтой гэсэн тооцжээ. 

Эх сурвалж : Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам