Цаг үеийн мэдээ

2019 оны гуравдугаар сард “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”өргөн баригдаж эхний хэлэлцүүлгийн үе шат явагдаж байгаа юм. Энэ намрын чуулганаар хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж нэгдсэн хуралдаанаар тус төслийг батлах юм байна. Тус төслийн зарим заалтанд санал зөрүүтэй байгаа талаар МҮЭХ-оос мэдээллээ. 

 

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: 

"Хөдөлмөрийн тухай хууль нь урт хугацааны турш бүх салбарт үйлчилдэг онцгой хууль билээ.  Тус хуулийн шинэчилсэн төслийн хүрээнд “сонирхлын маргаан үүсгэх эрхийг хязгаарлах” гэсэн заалт оруулж байгаа нь МҮЭХ-ны эрх, хамтын гэрээ хэлэлцээр байгуулах Үйлдвэрчдийн эвлэлүүдийн үндсэн эрхийг зөрчиж байна. Салбарын төр захиргааны байгууллага буюу салбарын яам нь оролцохгүй байх хоёр талтай зохицуулалтыг шинэ хуулинд тусгаад байгаа юм. Хэрэв маргаан гарвал тухайн салбар нь хөндлөнгийн, зохицуулагчийн байдлаар оролцоно гэсэн томъёолол гаргасан байна. Энэ нь төр хөдөлмөрийн харилцааг зохицуулах үндсэн үүргээсээ зайлсхийж байна гэж үзэхэд хүргэлээ. Мөн ажилтантай тохиролцсоны үндсэн дээр илүү цагаар ажиллах үгүйг шийдвэрлэдэг байсан бол шинэчилсэн хуулиар ажилтантай огт зөвлөлдөхгүйгээр илүү цагаар ажиллуулж болзошгүй юм" гэлээ.

Мөн ажлын цагийг зөв зохицуулаагүй тохиолдолд тухайн ажилтны эрүүл мэнд болон нойр солигдох, үүнтэй холбоотойгоор удаан хугацаагаар ажилласан тохиолдолд үйлдвэрлэлийн осолд өртөх эрсдэл өндөр болдог. Иймээс эрсдлээс хамгаалах зорилгоор ажлын ээлжийг 14/14-өөр зохицуулах нь оновчтой зохицуулалт болно гэдгийг онцолсон юм.