Өнгөрсөн долоодугаар сарын 22-ны өдөр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын газрын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал болж өндөрлөсөн билээ.

Уг шүүх хурлаас, шүүгдэгч Ж.Мөнхгалд гурван жилийн хорих ял, С.Баярт гурван жилийн хорих ял, Б.Хурцад гурван жилийн хорих ял, Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад гурван жилийн хорих ял, О.Бямбажавд хоёр жилийн хорих ял, Ү.Отгонбаярт хоёр жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгах шийдвэр гаргасныг, шүүгдэгч нар эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. 

Улмаар өчигдөр буюу аравдугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хурал эхэлсэн юм. Хурлын эхэнд илтгэгч шүүгч хэргийг дэлгэрэнгүй илтгэж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлаж дууссанаар хурал завсарласан юм. Уг хурал өнөөдөр 10.00 цагаас эхэлж хоёр дахь өдрөө үргэлжиллээ.

Тэгвэл шүүх бүрэлдэхүүн Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцаалаа. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/-ийн 133.1, 251 дүгээр зүйл /Эрүү шүүлт тулгах/-д заасан гэмт хэрэгт Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр болж анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Таны сурталчилгаа