Цаг үеийн мэдээ

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын утсанд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 23:10 цагт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байрны 4 дүгээр орц 5 давхарт гал утаа гарч байна гэсэн дуудлага иржээ.

   Үйлчлэх хүрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г.Бямбасамбуугаар ахлуулсан бүрэлдэхүүн гал түймрийн дуудлагаар гарч 6 километр замыг 7 минутанд туулан 23:18 цагт гал түймрийн хаяг дээр хүрэлцэн очсон байна.

   Тус байрны гадна автомашины замд, иргэд автомашинаа байрлуулсан, гал түймэр унтраах шуурхай албаны автомашин орох боломжгүй байсан тул ард иргэдтэй нийлж, автомашинуудыг холдуулан орж, стуцерээс гал сөнөөгч, ахлагч М.Хуланшагайг төв шугам 20 метр, ажлын шугам 20 метр дэлгэж, РСА хушуутай 5 давхрын өрөөнд гарсан гал түймэр 6 давхрын цонхоор тархан дэлгэрэхээс хамгаалж дөлийг дарах үүрэг өгчээ.

Харин тус айлын гал тогооны өрөөний тагтан дээр бага насны хүүхэд утаанд боогдсон, амь авраарай гэж орилж байсан тул 1, 3, 4-ийн номер, холбоочин гал сөнөөгч нарт амьсгалын бие даасан төхөөрөмжтэй, ажлын шугам 60 метр дэлгэж, гал гарсан айлын хаалгыг эвдэж орон, холбоочин гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэлд гал тогооны өрөөний тагтан дээр байсан хүүхдийг аварч гарган ЯТТ-ийн төв 103-ын эмчид хүлээлгэн өгөх, 1, 3, 4-ийн номерыг гал түймэр унтраах, хайгуул хийх үүрэг өгсөн байна.

Тухайн айлд ороход утаажилт ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Тус айлын үүдний хэсгээс эхлэн галын хайгуул хийх үед том өрөөний буйдан дээр 40-50 орчим насны эрэгтэй угаартсан байдалтай нас барсан байсан тул шуурхай удирдлагын операторт дамжуулж, гал түймэр унтраах, хайгуулын ажлыг үргэлжлүүлэн явуулжээ.

Ийнхүү бие бүрэлдэхүүн гал түймрийн утаажилтын бүсээс 3 болон 8 настай бага насны хүүхдүүдийн амь насыг аварсан бөгөөд 6-9 дүгээр давхрын 48 иргэнийг аюулгүй бүсэд гаргаж үүргээ нэр төртэй биeлүүлэн ажилласан юм.

Энэ бол нэг л дуудлагын жишээ. Олон ч дуудлагаар үүргээ нэр төртэй биелүүлдэг алба хаагчдын төлөөлөл бол тус ангийн салааны захирагч Гарамгайбаатарын Бямбасамбуу. Тэрбээр 1995 онд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн. 2002-2013 онд Эрдэнэбулган сумын Хүмүүн цогцолбор лабораторийн нэгдүгээр сургуулийг бүрэн дунд боловсролтойгоор төгсөж, аавынхаа ажил мэргэжлийг өвлөхөөр 2013-2014 онд ДХИС-ийн /тухайн үеийн ХСИС/ Ахлагчийн сургуулийг аврагч, гал сөнөөгч мэргэжлээр төгсөж улмаар 2014-2018 онд Онцгой байдлын сургуульд Онцгой байдал-Гамшгаас хамгаалах алба мэргэжлийг тус тус эзэмшжээ.

 Сургуулиа төгсөөд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангид салааны захирагчаар томилогдон ажиллаж байна.

  Дэслэгч Г.Бямбасамбуу нь ажиллах хугацаандаа 4426 цагийн үүрэг гүйцэтгэн, 329 удаагийн гал түймрийн дуудлагаар гарч, 252 удаагийн гал түймэр дээр тархалт хийн тактикийн алдаа дутагдалгүй, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллажээ. Эдгээр гал түймрийн дуудлагаар ажиллах хугацаандаа 268 иргэний амь нас, эрүүл мэндийг гал түймрийн голомтоос болон утаажилтын бүсээс авран гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, төр, аж ахуйн нэгж байгууллага иргэдийн 5 тэрбум 150 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна.