Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас Замын-Үүд, Алтанбулаг боомтоор дамжин тээвэрлэгдэж, нийслэлийн гүний гаальд  хянагддаг импортын бараа бүтээгдэхүүн, ачаа  тээвэрт хийгдэж буй хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Улсын ахлах байцаагч Ж.Ариунаа "Олон улсын тээврийн үйлчилгээн дээр илэрч байгаа зөрчлийг хэлье. Өнөөдрийг хүртэл бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Гэхдээ зөрчлүүд бий. Алтанбулаг боомтоос гүний гаальд шилжиж байгаа 102 мянган бараа бүтээгдэхүүний 30 хувь нь гаалиар шалгагдсан. Үлдсэн нь мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгагдсан бараа бүтээгдэхүүн юм.

895 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүнээс дээж авч, хүнсний аюулгүй байдлын лавлагаа, лабораторийн шинжилгээнд хамруулахад дөрвөн эерэг сорьц илэрлээ. ОХУ-аас импортолсон 266 килограмм алимд шавж, Голланд улсаас импортолсон гурван төрлийн цэцгийн булцуунд бөөс илэрсэн. 

Мөн ОХУ-аас импортолсон "Сайра" нэрийн загаснаас шимэгч хорхой илэрлээ. 500 хайрцаг буюу 5.7 тонн 62 сая 400 мянган төгрөгийн үнэ бүхий "Сайра" нэрийн лаазалсан загасыг устгалд оруулсан.  Эдгээрийг зохих журмын дагуу зөрчлийг арилгуулаад байна. 

Тээврийн хэрэгслүүдэд осол гарсны улмаас нийт гурван компанийн 54.4 тонн бүтээгдэхүүн муудсан. Шинжилгээгээр хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан" гэв.