Цаг үеийн мэдээ

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр 11 дүгээр сарын 7-ны Бямба гарагт тохионо. Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр билгийн тооллын намрын сүүл сарын 22-ны өдөр тохиодог билээ. Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуутив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлдээсэн байдаг. Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг бөгөөд жилд тохиох дөрвөн дүйчин өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг "Эхийн ачийг хариулсан дүйчин өдөр" хэмээн энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамдах уламжлал тогтжээ. 

Бурхан багшийн дүйчин өдрийг тохиолдуулан Төв Гандантэгчилэн хийдэд дараах үйл ажиллагаа явагдана:

06:30 - Тэгчэн сожин 

08:00 – 17:00 Бурхан багшийн чого /Гандан дуган/

08:00 – 17:00 Дэмчогийн чого  /Очирдарийн дуган/

12:00 Бурхан багшийн эхийг ачийг хариулсан дүйчин өдрийн номын айлдвар. /МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж, Д.Чойжамц/ 

12:20 Эх болсон зургаан зүйл хамаг амьтан” хэмээхүйн утга учир. /МБШТ Гандантэгчэнлин хийдийн Да лам, АБЭТБХ ерөнхий нарийн бичгийн дарга Х.Бямбажав/

12:40  “Эхийн ачийг хариулах тухай” /МБШТ Гандантэгчэнлин хийдийн Шашны дээд сургуулийн багш, лхарамба, Д.Жавзандорж/