Цаг үеийн мэдээ

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчоос шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөрт 10000 төгрөг хураадаг байсан зохицуулалтыг хүчингүй болгожээ. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Ч.Арвинтариа, өмгөөлөгч С.Дондов нар өнөөдөр энэ талаар мэдээлэв.

Төлбөр авдаг байдал нь гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, тэдний хуулийн хамгаалалд авах, хохирол нөхөн төлбөрөө төлүүлэх боломжийг алдагдуулж, зарим тохиолдолд гэмт хэрэгтэнд ял завших боломж олгож байжээ.

Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журмаар бэлгийн гэмт хэргийн үзлэг хийхэд 10000 төгрөг, гэмтлийн зэрэг тогтооход 8000 төгрөгийн төлбөр авдаг байсан аж.

Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар “Шүүхийн шинжилгээний байгууллага улсын төсвөөс санхүүжинэ” гэж заасан байтал үндсэн чиг үүргийнхээ хүрээнд гүйцэтгэх үйл ажиллагааг нь үйлчилгээний төрөлд тооцож, төлбөр тогтоосон нь буруу гэж үзэж дээрх төлбөрийг хоёуланг нь хүчингүй болгохоор “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Ингээд Улсын дээд шүүхээс бэлгийн үзлэгийн төлбөрт 10000 төгрөг хураадаг байсныг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Харин гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийхэд төлөх 8000 мянган төгрөгийг хэвээр үлдээжээ. Учир нь хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн жендерт суурилсан хүчирхийллийн хохирогч нарт үйлчилгээ үзүүлэх дүрмийн зарим зүйл заалтаас хальсан буюу бүх үзлэгийг үнэ төлбөргүй үзүүлэх боломжгүй учраас хэвээр үлдээхээр болжээ.