Цаг үеийн мэдээ

“Суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, арга зүй, үнэлгээний чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт боловсролын салбарын мэргэжлийн байгууллагуудын хүний нөөцийг чадавхжуулах ээлжит сургалтыг 2020 оны 11 дүгээр сарын 02-10-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулж байна. 

Сургалтад БШУЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, орон нутгийн БСУГ,  ЕБС-ийн төлөөлөл 21 хүн хамрагдаж байна. Оролцогчид чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, сурагч төвтэй сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалтын орчны өөрчлөлтийг даган сургах бичиг боловсруулж түгээх, хиймэл оюун ухааны мэдээллийн нийгэм дэх сурах бичиг, ирээдүйн дэлхийн иргэний боловсрол, багшийн үнэлгээний чадавх, суралцагчийн чадамжийг хөгжүүлэхэд чиглэсэн сурах-сургахуй, гүйцэтгэлийн үнэлгээ, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах мониторингийн хэрэгсэл хөгжүүлж ашиглах нь зэрэг агуулгын хүрээнд видео лекц сонсож, олж авсан мэдлэгтээ тулгуурлан “Үйл ажиллагааны төлөвлөгөө” (action plan) боловсруулж байна. Энэхүү төлөвлөгөөгөө энэ хичээлийн жилд орон нутгийн БСУГ, ЕБС-ийн төлөөлөл болох багийн гишүүд ажиллаж буй сургуульд түшиглэн хэрэгжүүлж ажиллах юм.

Сургалтыг БНСУ-ын Боловсролын хөтөлбөр, үнэлгээний институт (KICE)-ээс 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд төвлөрсөн танхим, онлайн орчинд google classroom болон meeting ашиглан шууд холбогдож, уулзалт хийн, видео хэлбэрээр хичээл орох зэргээр онлайн орчинд хамтран ажилласан шинэлэг сургалт болж байгаараа онцлог ажээ.