Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу /2020.11.5/-нд МҮЭ-ийн Соёлын Төв Ордны түүхт 45 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг угтаж Монголд ҮЭ-ийн  хөдөлгөөн үүсч хөгжсөн 100, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн дурсгалын баганыг МҮЭСТО-ны урд талбайд сүндэрлүүллээ. 

Ийнхүү МҮЭСТО-ны ой тохиож буйтай холбогдуулан МҮЭ-ийн 100 жилийн ойн дурсгалын баганан хөшөөний нээлтийн үйл ажиллагаа болж МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар үг хэллээ. Тэрээр “Хорвоо дэлхий цасаар хучигдаж цагаан өнгөнд хувирсан энэ сайхан өдөр МҮЭСТО-ны түүхт 45 жилийн ойн баяр тохиож байна. Хувьтай хүн хур борооноор гэдэг дээ. Хөдөлмөрийн хүнийг соён гэгээрүүлэх их үйлст цаг наргүй зүтгэж ирсэн МҮЭСТО-ны үе үеийн ахмад ажилтнуудад МҮЭСТО үүсгэн байгуулагдсан түүхт 45 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье” хэмээгээд тэнд хуран цугарсан ҮЭ-ийн удирдлага, гишүүд, идэвхтэн сонгуультнуудад хөдөлмөрийн хүний төлөөх их үйлст нь өндөр амжилт хүссэн юм.

Үргэлжлүүлэн МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, дурсгалын хөшөөг өөрийн хөрөнгөөрөө барьсан “Буян арвижих харш” ХХК-ийн захирал н.Баасанцэцэг, МҮЭСТО-ны гүйцэтгэх захирал Ц.Мөнхбаяр, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, гавъяат нисгэгч, МТХГТА-ны ҮЭ-үүдийн холбооны дэд дарга, МИАТ ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Р.Батнасан нарыг индэрт урьж түүхийн шинэ хуудсыг эргүүлж буй ойн баярын хөшөөний нээлтийн туузыг хайчлах ёслолын ажиллагааг эхлүүлэв.

Монголд ҮЭ-ийн  хөдөлгөөн үүсч хөгжсөн 100, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ойн дурсгалын хөшөөний суурийн шатлал нь өөдлөн дэвжих утгыг илэрхийлж байгаа бол ган тулга нь МҮЭ-ийн гал голомт өнө мөнхөд бат орших агуулгатай төдийгүй гурван тулгуурын дизайн нь ҮЭ-ийн гишүүдийг дүрслэх ба тулганы дээд бүслүүр нь гараа чанга атгаж эв нэгдлийг дүрсэлж буйгаар уран сэтгэжээ. Харин тулганы доторх МҮЭ-ийн холбооны гал дөл бүхий логог дээрээ өргөсөн гантиг чулуун цагаан багана нь МҮЭ-ийн бат бэх, хөдөлмөрийн хүний эрх ашгийг хамгаалах ариун зорилгодоо үнэнч тууштай байхыг бэлэгдсэн байна. Түүнчлэн МҮЭСТО үүсгэн байгуулагдсан 45 жилийн хугацаанд хөдөлмөрийн хүнийг соён гэгээрүүлэх их үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн зүтгэлийг нь Монголын Төр үнэлж Хөдөлмөрийн  гавьяаны улаан туг, Сүхбаатарын нэрэмжит одонгоор тус тус  шагнаж байсныг мөнхлөн хөшөөний голд сийлжээ.

Энэхүү түүхэн гавьяа, хөдөлмөрчдийн эв нэгдлийн бэлгэдэл болсон МҮЭ-ийн холбооны 100 жилийн ойн дурсгалын анхны баганыг ҮЭ-ийн үр хөврөлийн үүслийн эхлэл тавигдсан Сэлэнгэ аймгийн “Ерөө” суманд, Хөсвгөл аймгийн “Алаг-Эрдэнэ”, “Хатгал” тосгоны заагт босгосон бол өнөөдөр нийслэл Улаанбаатар хотноо соёл урлагийн түүчээ болсон МҮЭСТО-ны гадна талбайд түүхт 45 жилийн ойн баярын өдрөөр ийнхүү сүндэрлүүлээд байна.

Үргэлжлүүлэн зохион байгуулагдсан ойн баярын хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр МҮЭСТО-ны Санхүү аж ахуйн албаны Тооцооны нягтлан Н.Батсайхан, Ахмад ажилтан н.Халтар нарыг МҮЭ-ийн холбооны дээд шагнал болох “Хөдөлмөрийн хүний төлөө” тэмдэгээр, МҮЭСТО-ны 30 гаруй ажилтныг тус тус шагнаж урамшууллаа.