Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.11.10) хуралдаан 09 цаг 22 минутад 78.6 хувийн ирцтэй эхэлж, “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулга хийсэн юм.

“Асгатын мөнгөний орд нь Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос баруун тийш 180 км, Цагаан нуурын чөлөөт бүсээс хойш 40 орчим км, Улаанбаатар хотоос баруун тийш 1800 км зайд оршдог. Тус ордыг 1976 онд БНМАУ-ын хилийн 100 км-ийн бүсийн геологийн судалгааны үед илрүүлсэн. 1986 оноос Асгатын мөнгөний ордын хэмжээнд явуулсан төрөл бүрийн геологийн судалгааны ажлын үр дүнд 25 метр квадрат талбайд тархсан дунджаар 3 км урт, 80 метрийн өргөнтэй 15 хүдрийн бүс илэрсэн. Нийт 6.4 сая тонн хүдэр, 72.6 мянган тонн зэс, 3.3 мянган тонн висмут, 31.8 мянган тонн сурьма, 2.2 мянган тонн мөнгөнөөс гадна бусад дагалдах холимог металлын нөөцтэй.

Автозам, төмөр зам зэрэг дэд бүтцийн хувьд хүндрэлтэй, алслагдмал, төвийн эрчим хүчний шугаманд холбогдоогүй, үйлдвэрлэлийн усан хангамж шийдэгдээгүй, баяжуулалтын технологи сонгогдоогүй зэрэг олон шалтгааны улмаас тус ордыг эргэлтэд оруулалгүй өдийг хүрсэн. Иймд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.1.5-д “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай туршилт, судалгаа хийж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэнэ” гэж тусгасан” хэмээн салбарын сайд танилцуулгадаа дурдав.

Засгийн газраас 2019 оны 01 дүгээр сард Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн. УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор Асгатын мөнгөний ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулсан. Олон улсын судалгаанаас үзвэл мөнгөний үнийн таамаглал өөдрөг байгаа бөгөөд 2030 он хүртэл мөнгөний хэрэглээ өсөх хандлагатай байна. Тус ордыг ашиглах урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг 1995 онд “Апекс Сильвер” компани, 1998 онд “Сибгипрозолото” компани тус тус хийжээ. “Эрдэнэс Монгол” ХХК энэ онд “Сибгипрозолото” компанийн хийсэн ТЭЗҮ-д тодотгол хийж, эдийн засгийн үзүүлэлтийг өнөөгийн үнэ цэнд шилжүүлэхэд хөрөнгө оруулалтын хэмжээ 123.8 сая ам.доллар (77.3 сая ам.долларыг өнөөгийн үнэ цэнээр тооцоолсон), дотоод өгөөжийн норм 21.3 хувь байна гэсэн тооцоо гарчээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, 2021 онд техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан батлуулах, хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх, 2022 онд дэд бүтцийн бүтээн байгуулалт, нэмэлт хайгуулын ажлыг хийх, 2023 онд баяжуулах үйлдвэрийн бүтээн босголтын ажлыг эхлүүлэх, 2024 онд бүтээн байгуулалтын ажлыг хийж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэхээр зорилт тавьжээ. Уурхайн амнуудыг нээж технологийн дээж авах, малталтуудыг сэргээх туршилтын ажлуудыг "Эрдэнэс Монгол" ХХК зохион байгуулж хийж байгаа. Ордыг хэрхэн ашиглах талаар ОХУ, АНУ, Австралийн хэд хэдэн компанитай яриа, хэлэлцээ хийгдэж байгаа аж.

Үргэлжлүүлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Дорноговь аймгийн Иххэт сумын нутагт орших “Зүүн цагаан дэл”-ийн хайлуур жоншны ордын талаар танилцуулав. MV-011722 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 141.8 га талбайг хамарч оршдог. Байршлын хувьд Улаанбаатар хотоос 280 км, Иххэт сумын төвөөс 5 км, Айраг өртөөнөөс 100 км “Бор-Өндөр”-ийн уулын баяжуулах үйлдвэрээс 60 км зайд байдаг.

Ордыг 1956 онд анх илрүүлж, 1976 онд нарийвчилсан хайгуулын ажлыг хийж, нөөцийг нь тогтоожээ. “Монголросцветмет” нэгдэл байх үед жоншны нөөцийг 1990 он хүртэл ил уурхайн аргаар ашигласан байна. Одоогийн байдлаар үлдэгдэл нөөцтэй В+С зэргээр 33.35 хувийн агуулгатай 4.4 сая тонн бөгөөд 20 орчим ажил ашиглах боломжтой нөөц юм. Мөн тус орд кальцитын агуулга өндөр байдаг нь хайлуур жоншны баяжуулалт хийхэд сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд тус ордын ашиглах ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулсан. Хүчин чадлыг нь 23 жил ашиглана гэж тооцвол нийт 39.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Ордыг далд уурхайн аргаар ашиглахаар төлөвлөсөн бөгөөд ТЭЗҮ-ийг эцэслэн батлуулахаар ажиллаж байгааг салбарын сайд хэллээ.  

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Батжаргал, Г.Ганболд, Т.Энхтүвшин, Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ, Т.Аубакир, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, хариулт авав.

Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай тооцоо, үнийн таамаглалыг хэр бодитой хийж, стратегийн ордыг ашиглахад төрийн оролцоог хэрхэн тооцсон талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Батжаргал нар тодрууллаа. Дэлхийн банкнаас гаргасан үнийн таамаглалаар нэг кг мөнгө 700 орчим ам.доллартай тэнцэж байна. Ордыг ашиглах нөхцөлийн тухайд үр ашиг өндөр байх боломжит бүх хувилбарыг хөрөнгө оруулагчидтай хэлэлцэж, тохиролцох шаардлагатай гэдгийг Г.Ёндон сайд хариулав.

Асгатын мөнгөний ордыг ашиглах ТЭЗҮ-ийг шинэчилж байна. Урьдчилсан тооцооллоор хөрөнгө оруулалт 127.3 сая ам.доллар, 500 ажлын байрыг бий болгоно, борлуулалтын орлого 318.1 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал 256.6 сая ам.доллар, цэвэр ашиг 197.1 сая ам. доллар гэж төсөөлж байна. Тал талаас нь судалж байна гэж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүүгийн удирдлага хариуцсан дэд захирал Г.Ганболд хэллээ.

“Зүүн цагаан дэл”-ийн хайлуур жоншны ордод баяжуулах үйлдвэр барих төлөвлөгөө байгаа эсэхийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин тодруулсан. Уул уурхайн салбар нь улсын эдийн засгийн тулгуур салбарын хувьд бүс нутгийн хөгжлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг тавьдаг. Энэ үүднээс “Зүүн цагаан дэл”-ийн хайлуур жоншны ордод лазер болон хэт авианы мэдрэгчтэй орчин үеийн технологийн шийдэл бүхий баяжуулах үйлдвэрийг барих төлөвлөгөө бий. Тус ордод 39.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. “Монголросцветмет” ТӨҮГ 2019 онд эрсдэлийн сан, байгаль орчныг нөхөн сэргээх сан, үйлдвэр хөгжүүлэх санг тус тус бий болгож, үйл ажиллагааны ашгаасаа 11.8 тэрбум төгрөгийг  зөвхөн дээрх ордын төсөлд зарцуулахаар төлөвлөж, 2021 оноос ашиглахаар болсон. Ирэх жил алт, жоншны ханш харьцангуй тогтвортой байх төлөвтэй байгааг “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирал Б.Мөнхбат хэлэв.

Гишүүд эдийн засгийн судалгаа тооцоог илүү нарийвчлалтай хийж, асуудлыг цогцоор нь шийдэх гарц шийдлийг гаргах нь чухал гэдгийг сануулаад өөрсдийн байр суурийг илэрхийллээ. 

Ингээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагуудад чиглэл өгөх байнгын хорооны шийдвэрийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувийн саналаар дэмжлээ.

Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир ахлах бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Б.Дэлгэрсайхан Х.Бадехан, Т.Энхтүвшин, Г.Ганболд, Д.Өнөрболор нарын бүрэлдэхүүнтэй ажиллахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.