Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өөрийн цахим хуудаснаа  "Түр зөвлөлөөс халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлсний үндсэн дээр 20 төрлийн үйлчилгээний газрыг нээж 30 000 орчим иргэн, аж ахуйн нэгжийн ажлын байрыг бий болгох санал гаргалаа хэмээжээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/616 дугаар захирамжаар байгуулагдсан Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан түр зөвлөл өнөөдөр хурлаа хийж бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хатуу хөл хорио тогтоосны улмаас эдийн засаг хумигдаж байгаа цаг үед жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг хадгалж өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор иргэдийн өдөр тутмын амьдралд байнгын эрэлт хэрэгцээтэй саван, оо, ариун цэврийн цаас, шампунь, хүүхдийн живх зэрэг ахуйн хэрэглээний барааны худалдаа, цайны газар, кафе, ресторан, үсчин, хувцас, гутал, цаг, гэр ахуйн модон эдлэл, цахилгаан барааны засвар үйлчилгээний газрууд, авто засвар, угаалга зэрэг 20 төрлийн үйлчилгээний газрыг эхний ээлжинд нээх саналыг боловсруулсан.

Хурлаас гарсан саналыг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн онцгой комисс болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулсан бөгөөд Улсын онцгой комисст уламжилна.

“Түр зөвлөл”-өөс аж ахуйн нэгж, иргэдийн санал хүсэлт, зөвлөлийн гишүүдийн санал, эрсдлийн байдлыг харгалзан цагийн хязгаар тогтоож, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлсний үндсэн дээр үе шаттайгаар нээх тухай шийдвэрийг гаргасан

Дэлгэрэнгүй тайлбарлавал:

1. Эдийн засгийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хүн олноор цугладаггүй, халдвар хамгааллын дэглэмийг сахиулсны үндсэн дээр ажиллуулах боломжтой, иргэдийн өдөр тутмын амьдралд байнгын, нэн чухал хэрэгцээтэй ахуйн үйлчилгээ, авто засварын үйлчилгээ, бусад үйлчилгээгээр хангагдах боломж бий болгох шаардлагатай байна.

2. Хэдийгээр хайпермаркет, супермаркетуудад ахуйн хэрэглээний бараа зарж байгаа ч бага орлоготой иргэдийн худалдан авах чадваргүй байгаатай холбогдуулан хүнсний зах, худалдааны төвүүд доторх харьцангуй хямд, бөөний үнээр бүтээгдэхүүнээ зардаг ахуйн хэрэглээний барааны лангуунуудыг нээж ажиллуулах талаар иргэдээс ирүүлсэн олон тооны гомдол, хүсэлтийг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна. Нөгөө талаар зах, худалдааны төвүүдээс ахуйн хэрэглээний барааг бөөндөж авч худалддаг жижиг хүнсний дэлгүүрүүдийн бараа хомсодсон талаарх гомдол, хүсэлт мөн олноор ирж байна.

Дээрх үйлчилгээний газруудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлсний үндсэн дээр явуулах бөгөөд ингэснээр 30000 орчим иргэн ажлын байраар хангагдан, өрхийн орлого нэмэгдэж, иргэд хэрэгцээт үйлчилгээгээр хангагдаж, улмаар эдийн засгийн өсөлтөд тодорхой хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж үзэж байна" хэмээв.

 

Таны сурталчилгаа