Цаг үеийн мэдээ

“Цагааннуур боомтоор орж ирж буй шатахуун, хийн түлшийг Баян-Өлгий аймагт найман агуулахад буулгаж байгаа талаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан УОК-ын шуурхай бүлгийн хуралдааны үеэр танилцууллаа. 

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Шадар сайд, УОК-ын даргын тушаалаар байгуулсан улс хоорондын ачаа тээврийг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэхэд үүсэж буй хүндрэл, саатлыг арилгах үүрэг бүхий Шуурхай бүлэг өнөөдөр цахимаар хуралдсан юм. 

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын удирдсан тус хуралд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл, аймгийн Засаг дарга, Авто тээврийн төвийн дарга нар оролцов. Хурлаар, улс хоорондын тээвэр, хилийн боомтод үүсэж буй хүндрэлийн талаар мэдээлэл солилцож, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, холбогдох байгууллагатай хамтран шаардлагатай арга хэмжээг авч, зохицуулах шуурхай механизмыг хэрхэн бүрдүүлж буй талаар хэлэлцлээ. 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон хилийн боомтуудад хийгдэж буй тээвэрийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэв.

Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга, хошууч  генерал Ш.Лхачинжав “Замын-Үүдэд гарсан халдварын тархалтыг хумих чиглэлээр ажлын баг, сумын удирдлагатай хамтарч улс хоорондын ачаа тээврийг нэмэх хүрээнд БНХАУ-ын хилээр нэвтэрч ажиллах 50 жолоочийг Замын-Үүдэд тусгаарлах асуудлыг хэлэлцэж байна. Хилийн орчим ХААН банкны байрыг тусгаарлалтад ашиглах боломжтой байна” гэв. 

Харин Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг “Бээжин дэх Элчин сайдын яамнаас нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Эрдэнэчимэг Эрээнхотод ирж ажиллаж байгаа. Эрээн хотын Засгийн газрын ордны удирдлагатай цахимаар хуралдахаар тохирсон байна” гэлээ. 

Мөн Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан, “Цагааннуур боомтоор орж ирж буй шатахуун, хийн түлшийг Баян-Өлгий аймагт найман агуулахад буулгаж байна. Аймгийн мэргэжлийн хяналт, зооноз, цагдаа, автотээврийн байгууллагууд хамтран халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхөд анхаарч байна” хэмээн танилцууллаа. 

“Замын-Үүд боомтоор гарч эм, эмнэлгийн бүтээгдэхsүүн авчрахаар явсан хоёр машиныг хилээр нэвтрүүлэхэд туслах, Өмнөговь аймаг руу явж буй буй хүнс, шатахуун, тэсэлгээний бодис, Оюутолгойн хангамжийн тээврийн жолооч нарын хөдөлгөөнийг хянах, Гашуунсухайт боомтоор богины тээвэрт ажиллах автомашины тоог цөөлөх шаардлагатай байгаа” талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж санал гаргав. Уг санал, хүсэлтийг холбогдох газартай зөвшилцөж, хэрхэн шийдвэрлэх гарц гаргалгааны талаар ярилцсанаар шуурхай бүлгийн энэ удаагийн хурал өндөрлөв.