Цаг үеийн мэдээ

“Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэж, соёрхон батлахыг дэмжлээ.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2020.11.30/ хуралдаан цахимаар 16 цаг 30 минутад 66 хувийн ирцтэй эхэлжээ. Засгийн газраас 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг  соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/ -ийг хэлэлцлээ.  

Төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. 

Коронавируст халдварын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төсвийн зарлагыг санхүүжүүлэхэд зарцуулагдана.

Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд Солилцох ноот бичгийн төслийг 2020.10.08-ны өдрийн Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшилцжээ.

 

2020.10.09-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд Солилцох ноот бичигт Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, 2020.11.05-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар гарын үсэг зурсныг танилцуулгадаа тэмдэглэв.

Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Засгийн газраас коронавируст халдварын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төсвийн зарлагыг санхүүжүүлэхэд зарцуулагдана. Нийт 25.0 тэрбум иений /ойролцоогоор 233.0 сая ам.доллар/ яаралтай тусламжийн санхүүжилтийг олгох юм байна. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа  шимтгэл 0.1 хувь, санхүүжилтийг ашиглах хугацаа нэг жил байна гэж Сангийн сайд танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Н.Энхболд нар зээлийн хэлэлцээрийг дэмжиж буйгаа илэрхийлэн үг хэлж, байр сууриа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг дэмжихгүй талаар байр сууриа илэрхийлэв.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг  соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг соёрхон батлахыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүд 71.4 хувийн саналаар дэмжсэнээр уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.