Цаг үеийн мэдээ

 

Японд жилийн туршид коронавирусаар нас барсан хүний тооноос зөвхөн өнгөрсөн сард амиа хорлосон хүний тоо давсан нь анхаарал татаж байна. 2020 онд Японд коронавирусын улмаас 2087 хүн нас барсан бол, зөвхөн 10 дугаар сард л гэхэд 2153 хүн амиа хорлож нас баржээ. Хамгийн харамсалтай нь амиа хорлож буй хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа юм. Коронавирусын улмаас бизнесүүд хаагдаж, эмэгтэйчүүдийн түлхүү ажилладаг салбарынхан сул зогсолт хийснээс, иргэд цалин мөнгөгүй болж, тал талаас олон дарамт шахалтанд орсон эмэгтэйчүүд сэтгэцийн хямралд орж, амиа хорлох нь түгээмэл байна. 

Ялангуяа массын ажилгүйдэл, гэртээ бусдаас тусгаарлагдсан явдал, ганцаардал, стресс, өр төлбөр гээд олон зүйлүүд Япон төдийгүй дэлхийн улс орнуудад хар мөр дагуулж эхэллээ. Япон улс нь хэзээнээс нааш амиа хорлолт өндөртэй улс байсаар ирсэн нь үнэн. Гэхдээ 2019 он хүртэл 10 жилийн хугацаанд Японд амиа хорлолт жил бүр тогтмол буурсаар ирсэн статистик мэдээ байна. Харамсалтай нь Ковид 19 цар тахал гарснаас хойш амиа хорлолт эргээд нэмэгдэж, өнгөрсөн 10 дугаар сард хамгийн дээд хэмжээндээ хүрч очжээ. 2020 оны 10 сард амиа хорлосон эмэгтэйчүүдийн тоо нь өмнөх оны 10 сараас даруй 83 хувиар нэмэгдсэн нь үнэхээр аюулын харанга дэлдэж байна. 

Судлаач Кобаяшигийн тайлбарласнаар эмэгтэйчүүд харьцангуй их ажилладаг, ажлын байрны олдоц сайтай байдаг зочид буудал, хоол хүнс, худалдааны салбарууд Коронавирусын улмаас үүд хаалгаа барьж, ажилчдаа олон мянгаар халж байгаа нь эмэгтэйчүүдийн амиа хорлолт нэмэгдэхэд нөлөөлжээ. Түүнчлэн Япон эмэгтэйчүүдэд ажил бага олддог, олдсон ажлаа амжуулж хийхийн сацуу гэр бүл, нөхрийн дарамт, гэр орны ажлаа ч амжуулах давхар давхар дарамт шахалтууд байдаг тул ийнхүү сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж, улмаар амиа хорлох ч тохиолдлууд олон бүртгэгддэг.

Орчуулсан: Д.Жаргалсайхан