Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч түүний дэвшүүлсэн санааг хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлсэн бөгөөд “Бид их эмзэг үед байна. Хүмүүсийн ярьж байгаагаар УОК, НОК-ын нэг алдаатай шийдвэрээс ямар хор хохирол болж, нэг зөв шийдвэрээс сайн үр дүн үзэж болохыг бид харж байна. Улсын төсвийг ийнхүү алдаатай батлах юм бол болохгүй. Бид хямралын үед эдийн засгаа тэлнэ гэж ярьж байна. Би эдийн засагчийн хувьд санал нийлж байна. Гэхдээ бусад орнууд өрхөө, ААН-ээ зэрэг дэмжиж байна.

Төсвийн хөрөнгө хязгаарлагдмал байгаа үед тэнцвэрийг барихгүй бол бүх мөнгөө хөрөнгө оруулалтад зарцуулж болохгүй. Хэдэн жилийн дараа ашгаа өгөх нь мэдэгдэхгүй музейд хөрөнгө оруулалт хийж болохгүй. Бидэнд туслаач, 6 хүүхэдтэй хоолны мөнгөгүй болчихлоо гэсэн мессеж утсаар дүүрч байна. Өмнө нь ийм байгаагүй. Бид өнөөдөр хоолгүй болчихсон иргэддээ туслах ёстой. Хоёрдугаарт вакцины зардлыг төсөвт тусгая” гэлээ.