Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.01.09/ 16.00 цагийн ээлжит мэдээлэл өглөө. Энэ удаагийн мэдээллийг УОК-ийн шуурхай штабын Судалгаа шинжилгээний бүлгээс хүргэлээ. Энэ үеэр МУИС-ийн ШУС-ийн Физикийн тэнхмийн эрхлэгч, Физикийн ухааны доктор Д.Улам-орших хэлэхдээ : "Коронавирус гэдэг нь 1мм-ийг 100 хуваасныг дахин 100 хуваасантай тэнцэх хэмжээтэй жижигхэн хэмжээний 1 мм дотор хэдэн арван мянгаар жагсаж чадах ийм зүйл. Бидний нүдэнд үзэгдэхгүй шүлсэн дотор юмуу агаарын урсгалд явж байдаг.  Ковид 19 бол маш чимээгүй тахал. Ерөөсөө хүнийг өвтгөхгүйгээр тараад байж болдог. 1 хүнд хүрч халдвар тарааж байгаа мөртлөө өвдөхгүй эдгэх маш олон тохиолдол байна. 5 хүний 1-2 нь ийм байдлаар эдгэчихдэг. 10 хүний 8-9 нь бараг ханиад хүрэхийн дайтай байж байгаад эдгэчихдэг ийм тохиолдлууд байна. Тэгэхээр энэ ханиаднаас ялгаагүй юм биш үү? гэж хүмүүс ойлгодог. Энэ бол их буруу зүйл. Үл ялиг алдаанаас болоод бид вирусийн халдвар авах юм бол энэ вирус бидний эд эс рүү нэвтрэн ордог. Нэвтрээд орвол хүний эсийн генийн кодыг өөрчилдөг. Цустай холбоотой учраас хамгийн эхэнд хүчилтөрөгчтэй холилддог, уушгинаас гадна зүрх, судасны систем, бөөр, элэг зэргээс гадна үржихүйн эрхтэн нөлөөлнө. Залуу хүүхдүүдэд хэлэхэд өнчин тархи,  тархинд очиж нөлөөлж чаддаг. Ийм учраас энэ бол жирийн ханиад биш. Жирийн ханиаданд улирал байдаг бол энэ вирус бол жилийн турш явж байдаг, эмчилгээний эм байхгүй. Тийм учраас хүн төрөлхтөн тахал хэмээн сөхөрч байна. Үүнээс хамгаалдаг цорын ганц арга бол  халдварыг авахгүй байх. Энэ нь бүрэн боломжтой. Бид өвлийн цагт хэдхэн хоногт хөл хориог тогтоох энэ бололцоог ашиглах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ  хавраас Ковид 19-ийн өөр хувилбарууд гарч ирнэ. Ялангуяа гэдсийг өвтгөдөг. Гэдсээр дамждаг хувилбар манай Монгол улсад ороод ирвэл маш хүнд байдалд орно. Бид хаврын ажил эхлэхээс өмнө энэ ковид 19-ийг дарах бүрэн бололцоотой. Үүний тулд төр засаг бүх бололцоог авч байна ДЭМБ-ийн зөвлөж байгаа дэлхийн улсуудын хамгийн шилдэг туршлага, арга хэмжээг авч чадаж байна. Харин бид нар хариуцлагаа өндөржүүлэх хэрэгтэй байна. Айж сандрахгүйгээр, аливаа зүйлд шинжлэх ухаанчаар зөв өөдрөг хандахад бололцоотой гэдгийг хэлмээр байна.  Бэлтгэлтэйгээр маш богино хугацаанд маш чанартай хөл хориог тогтоогоод энэ өвчний цаана гарья гэж уриалж байна" гэлээ.