Цаг үеийн мэдээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Бүгд Найрамдах Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд  Др. Борбала Обрущанскийг хүлээн авч уулзав.

Сайд Л.Халтар хоёр талын зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэн, сүүлийн жилүүдэд авто тээврийн салбарын харилцаанд тодорхой ахиц дэвшил гарч хоёр талын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг 2018 онд байгуулснаар хоёр улсын хооронд хийгдэж буй худалдаа, бараа эргэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн таатай эрх зүйн орчныг бүрдсэн талаар дурдав.

Улаанбаатар-Будапештийн хооронд шууд нислэг хийх талаар судалж байна.

Уг хэлэлцээрийг байгуулснаар хоёр талын тээвэрлэгчид харилцан болон дамжин өнгөрөх тээвэр гүйцэтгэх боломж нээгдсэн бөгөөд тээвэрлэлт хийх зөвшөөрлийн бичгийг тодорхой тоогоор солилцоод явж байгааг тэрээр онцлов.  Өнгөрсөн жил дэлхий нийтэд түгсэн "COVID-19"-ийн цар тахлын улмаас тээвэрлэлт хийхэд зарим нэг саад бэрхшээл үүсээд буйг тайлбарлан олон улсын тээвэрлэлтийг дэмжих талаар Засгийн газар болон яамнаас авч хэрэгжүүлж буй ажил болон цаашдын бодлого чиглэлийн талаар мэдээлэл өгөв.

Элчин сайд Обрущанский хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаанд өөрийн зүгээс үзүүлэх дэмжлэг туслалцааны талаар санал бодлоо хуваалцаж, Унгарын талаас 1994 онд байгуулсан Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэх саналтай байгаагаа илэрхийллээ. Мөн хоёр улсын хооронд нислэг хийх боломжийг Унгар улсын агаарын тээврийн компанийн зүгээс судалж байгаа талаар мэдээлэв. Түүнчлэн Монгол Улсад төмөр замын засвар үйлчилгээ хийх, авто зам тавих төслүүдэд Унгарын компаниуд оролцох сонирхолтой, Монгол Улсад төмөр замын музей байгуулах талаар дэмжлэг үзүүлж ажиллах боломжтой байгаагаа хэлэв.

Сайд Л.Халтар хатагтай Элчин сайдын саналуудыг судлан үзэж өөрийн зүгээс боломжтой дэмжлэгийг үзүүлж шаардлагатай мэдээллээр хангаж ажиллахаа илэрхийлэв.