Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Мөнгөнхуягтай цаг үеийн асуудал болоод хурлын байгууллагаас хэрэгжих бодлого шийдвэрийг иргэд олон нийтэд хүргэх зорилгоор ярилцлаа.

-Гамшгийн эрсдэлийг үнэлэх зөвлөлийн ажлаар та саяхан Ханх сумыг зориод ирлээ. Ханх суманд газар хөдлөлттэй холбоотой нөхцөл байдал ямар байна вэ?

Хөвсгөл аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл Ханх суманд гурав хоног ажиллалаа. Газар хөдлөлтөөс үүдэн төр, иргэнд учирсан хохирол болон эвдрэл гэмтлийн зэргийн тогтоох, иргэдэд тулгамдсан асуудлыг судаллаа. Газар хөдлөлтөөс үүдэн сургуулийн хичээлийн байрны баганад хөндлөн цууралт өгсөн. Эмнэлэгийн байрны тааз нурж, хананд заадал гарч дулаан  алдагдал ихэссэн байна. Өдрийн цагт эмнэлэгийн хэвтэн эмчлүүлэгчдийн тасалгааны температур нь 6 хэмийн дулаантай байгаа зэрэг нь зөвлөлийн багийнхны анхаарлыг ихэд татлаа.

Барилгуудад гамшиг ослын үед цууралт өгч болох газар гэж бий. Тухайлбал карказын барилгуудын дүүргэлтийн хананд ийм заадал, цууралт үүсэх тохиолдол гарч болно. Аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл дүгнэлтээ гаргасан. Улсын гамшгийн эрсдэлийг тооцох зөвлөлийг урьсан байгаа. Энэ хүмүүс ирж эрсдэлийг дахин тооцож эцсийн тодорхойлолтыг гаргах юм. 

-Иргэд, малчдын хувьд байдал ямар байв?

-Газар хөдлөлтийн төв цэг болох Хороо багийн Ходон хэмээх газарт очсон. Газар хөдлөлтийн хүчээс газарт ан цав үүсэж цуурсан тул газрын гүний ус шахагдаж малын хэвтэргүй болох, хонины хашаа нурах, айлуудын байшинд заадал гарах зэрэг асуудал нэлээд байсан. Байгалийн энэ үзэгдэлд иргэд цочирдсон, багагүй айдастай байна. 

-Сургуулийн барилгын хана яагаад хөндлөн цуурав. Барилга барьсан газрын чанарын асуудалтай холбоотой юу?

-Тухайн барилгын хана хөндлөн цуурсан байгаа нь одоогоор зөвхөн дотор арматур дээрээ л тогтож байна гэсэн үг. Энэ нь байгалийн хайрга ашигласантай холбоотой. Учир нь голын хайрга мөлгөр барьцалдах чанар муу байдаг. Байгалийн хайргыг барилгад ашиглахыг Хөвсгөл аймгийн хэмжээнд болиулах хэрэгтэй байна. 

-Ханх сум аймгийн төвөөсөө 180 км-ын алсад байдаг. Барилгад байгалийн хайрга ашиглахгүй байх өөр ямар боломж байна вэ?

-“Хөвсгөл зам” ХХК Ханхад карьерээр замын хайрга бэлтгэж байна билээ. Гурван жилийн ашиглалтын хугацаа нь ирэх намар дуусгавар болох тул ирэх жилүүдэд төсөвлөх төрийн барилгуудынхаа барилгын хайргыг бэлтгэж авах саналыг Ханх сум, аймгийн удирдлагад танилцуулсан. Улсын гамшгийн эрсдэлийг үнэлэх зөвлөл ирж тухайн суманд үнэлэлт дүгнэлтээ өгсний дараа сургууль, эмнэлэгийн барилгын шинээр барих асуудал яригдахыг үгүйсгэхгүй шүү дээ. 

 -Гамшиг эрсдэлийн энэ үед илтээр хохирол учирсан өрх, байгууллагад нөхөн олговор олгодог уу?

-Онцгой байдлын үеийн хууль журмандаа өрхөд нэг сая хоёр зуун мянган төгрөгийг олгох ёстой юм билээ. Сургууль, эмнэлэг гээд төрийн байгууллагуудад учирсан хохиролын тухайд төр  эрүүл аюулгүй байдлыг хангах үүргээ  биелүүлж таарна. 

-Орон нутгийн сонгуулийн дүнгээр Аймгийн ИТХ-ын шинэ төлөөлөгчид сонгогдож бүрэн эрх нь хэрэгжээд хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө.  Энэ хугацаанд ямар ажлууд амжуулав?

-Тийм ээ. Хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд ИТХ-аараа аймгийнхаа 2021 оны төсвийг баталлаа. Энэ сарын 22-нд мөн ИТХ-ын ээлжит бус III хуралдаанаар аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, мөн үндсэн чиглэл зэргийг баталж ажиллалаа. Орон нутгийн өмчит ашиггүй ажиллаж буй хоёр компани байна. Үүний нэг нь “Хоймор нутгийн чулуу” ХХК юм. “Хоймор нутгийн чулуу” ХХК-ийг  Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний компанитай нэгтгэсэн. Учир нь тухайн компани уулнаас түүхий эдээ бэлтгэх явцад хүн хүч их шаардагддаг. Харин сийлбэрээ хийх үед 4-5 хүн л хэрэг болдог. Тиймээс ашигт ажиллагаа байхгүй байсан тул олон алба хаагчтай ХТҮКомпанитай нэгтгэж байж үйл ажиллагаа нь жигд явагдаж ашигтай ажиллах боломж бүрдэнэ гэж үзсэн. Дараагийнх нь Эргэлтийн эмийн сангууд. Эргэлтийн эмийн сангууд 600 гаруй сая төгрөгийн өртэй байна. Эргэлтийн эмийн сангийн өмчийн хэлбэрийг дахин өөрчилж, 51 хувийг нь орон нутгийн өмч хэвээр үлдээж, 49 хувийг нь эмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудад нээлттэй урилга хүргүүлэн хувьчлах замаар менежментийн шинэчлэл хийхээр Тэргүүлэгчдийн тогтоол гарсан. Эмийн хяналтын асуудлыг сул тавьж болохгүй. Сумдын эмнэлэгт эм зүйч гэсэн сул орон тоо байдаггүй учир эргэлтийн эмийн сангуудаа төр хариуцаж орон нутгийн өмчид 51 хувиа авч үлдэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Мал тооллого явагдаж дууслаа. 2021 онд хэрэгжих малын хөлийн татварыг тогтоох ажил өрнөж, сумдын ИТХуралд заавар, зөвлөмж өгч ажиллалаа. Малын хөлийн татвар бэлчээрийн менежмент, худаг ус, ногоон тэжээл тариалах, булаг шандны эх хаших зэрэг малчдын өөрсдийнх нь хэрэгцээт зүйлд зарцуулагдана. Малын хөлийн татварыг эхний удаад хэт өндөр тогтоохгүй байхыг сумдад зөвлөсөн. Хамгийн дээд хязгаарыг нь 600 төгрөгөөр тогтоосон байна. 

-Төрийн залгамж халаа гэж чухал зүйл бий. Өнгөрсөн он жилүүдэд аймгийн ИТХ-аас гаргасан ямар шийдвэрүүдийг та  өгөөжтэй гэж нэрлэх вэ? 

-Би өнгөрсөн 4 жилд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан. Энэ хугацаанд аймгийн Засаг дарга эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх гэсэн он жилүүд өнгөрсөн. Тухайлбал сумдын уурын зуухнуудыг аймагт нэгтгэсэн. Болохгүй болохоор нь буцаасан. Могойн голын нүүрсийг экспортод гаргаж дараа нь хаасан. Тууштай бодлого, шийдвэр дутагдсан. Харин 50:100 аялал жуулчлалын цогцолбор, “Соёмбо” цогцолбор гээд аялагчид болон залуус, иргэд очих дуртай газрууд бий болсон нь аялал жуулчлалын бүс нутагт хийгдсэн сайн ажил гэж болохоор байгаа. 

- Хүн ам ихтэй байхын  нэг сул тал нь гэмт хэрэг зөрчлийн тоо тэр хирээр өндөр байх хандлага ажиглагддаг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлийн ажлыг ямар үр дүнд хүргэж ажиллахаар зорьж байна вэ?

- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн анхны хурлаа хийсэн. Тус хуралдаанаар хэрхэн ажиллах тухай асуудлуудаа ярилцсан. Манай аймагт хүрээлэн буй орчин, малын хулгайн гэмт хэрэг зөрчил их гардаг. Тиймээс Мөрөн хотыг хүрээ хот болгон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж болох юм байна гэж үзэж байгаа. Мөрөн хот руу нэвтрэх болон гарах гарцыг цөөлөх. Гарч орох зарим хэсгийг ногоон байгууламжаар хаах, мод тарих боломжгүй хэсэгт нь шон босгох зэрэг ажлуудыг зохион байгуулна. Мөн камержуулах ажил бий. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. 

Гэмт хэрэг зөрчилд холбогдсон иргэдийг соён гэгээрүүлэх ажилд нэгдсэн арга хэмжээнүүдийг төлөвлөсөн. Харин гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс дэд хороод байгуулж санамж, зөвлөмжийг иргэдэд хүргэж, ажлын хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Мөрөн сумын доторх болон Хатгал тосгон руу явах хатуу хучилттай авто заманд хийгдэх ёстой анхааруулах тэмдэг тэмдэглэгээнүүдийг нэмэх, сайжруулах ажлуудыг төлөвлөсөн байгаа.

-Сумдын ИТХ-ын ажлын албадтай хэрхэн хамтарч ажиллах бол?

Аймгийн ИТХ-ын хурлын дарга бол Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга, Гамшгийн эрсдэлийг үнэлэх зөвлөлийн дарга гээд нийгэмд хариуцлагатай чухал үүргийг гүйцэтгэдэг. Тийм учраас жилдээ нэг удаа бүх сумдаараа явах, иргэдийн аж амьдрал, албан хаагчдын  ажил байдалтай нь танилцах төлөвлөгөө гаргасан. Тухайн орон нутгийн онцлог, тулгамдаж буй асуудлыг орчинд нь харах, үнэлэх, шийдвэрлэх гээд чухал нөлөөллийг бий болгож ажиллах ёстой.   Энэ ажлын хүрээнд сумдынхаа ИТХуралтай хамтран ажиллана. Сумын ИТХурал аймгийн ИТХурлын нэг салбар байгууллага.

-ИТХ-ын төлөөлөгчдөд тойрогтоо ажиллах тодорхой төсөв байдаг уу. Нэг төлөөлөгчдөд  хэдэн төгрөг жилд оногддог вэ? 

-Өнгөрсөн дөрвөн жилд нэг л удаа 1 сая 200 мянган төгрөг ИТХ-ын төлөөлөгч нарт олгосон байдаг. 2021 онд  төлөөлөгч нартаа 500 мянган төгрөгийн тойрогтоо ажиллах томилолт олгохоор шийдвэрлэсэн. Төлөөлөгчид төр, иргэний гүүр болж ажиллаж байгаа хүмүүс тул тойрогтоо ажиллах тодорхой томилолттой байх ёстой. 

-Орон нутгийн өмчит газруудын өмчийн хэлбэрийг өөрчилсөн байдаг. Энэ өөрчлөлт хэвээр байх уу. Орон нутгийн өмчийг аривжуулах талд хэрхэн анхаарах бол?

- Тийм ээ. “Эрчим хүч” ХХК, “Хөвсгөл Ус” суваг ХХК, “Могойн гол” ХК гэх мэт газрууд энэ чиг үүргээрээ л ажиллана. Харин аялал жуулчлалын “50:100” цогцолбор, Шинэ мөрөн захын харъяалалд, “Соёмбо” цогцолбор Хот тохижилтын харъялалд байгаа. Үүнийг өөрчилнө. Дээрх хоёр газрыг аялал жуулчлалын холбоодод хариуцуулах журмаар үйл ажиллагааг нь явуулна. Тухайлбал төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ гэсэн үг. Аялал жуулчлалын тулгуур төв гэсэн хаягтай мөртлөө аялал жуулчлал хариуцсан хоёрхон мэргэжилтэнтэй. Тэд ч ажил үүргээ төдийлөн сайн гүйцэтгэхгүй байна. Хоёр сарын хугацаанд тодорхой үүрэг даалгавар өгсөн. Одоогоор биелэлт алга. Тиймээс аялал жуулчлалын холбоо байгуулж ажиллана. Уг холбоонд Хөвсгөл аймагт харъяалалтай татвар төлдөг аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд элсэх юм. Хөвсгөл нуурын эрэгт үйл ажиллагаагаа явуулдаг мөртлөө Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт харъяалагдаж татвар төлдөг компани үүнд элсэх боломжгүй. Ийм байгууллагуудыг аймаг сурталчилж, бодлогоор дэмжихгүй. 50:100 цогцолбор, “Соёмбо” цогцолборыг тус Аялал жуулчлалын холбоонд гэрээгээр эзэмшүүлэхээр тогтоол боловсруулж байна. 

-Аялал жуулчлалтай холбоотой өөр ямар бодлого баримтлах бол?

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 19 сая долларын төсөл хэрэгжиж байна. Энэ төслийн хүрээнд Хатгал-Жанхай чиглэлийн хатуу хучилттай зам, 2000 авто машины зогсоол, Хатгалд Мэдээллийн төв, Мөрөнд жуулчны гудамж зэрэг ажлууд хийгдэж байгаа. Заримынх нь зураг төсвийн ажил явагдаж байгаа тул үүнд тусгах санал санаачилгыг дэмжүүлэн ажиллалаа. Тухайлбал далайн эргийн эзэмшилгүй хэсэгт элсний гар бөмбөг, хөл бөмбөгийн  талбай байгуулах. Ингэснээр томоохон улсын хэмжээний уралдаан тэмцээнийг аялагчдын тоо багассан 8-р сард зохион байгуулж аялал жуулчлалын хугацааг уртасгах, сонирхолын бүлгүүдийг татан оролцуулах боломжуудыг бий болгох.  Аялал жуулчлалыг олон аргаар хөгжүүлэх зам байдаг. Манай аймагт шашны замаар хөгжүүлэх боломж байна. Даяндээрх ногоон нүдэн ламын жимээр, Тариалангийн бичигт хад, Рашаатын хүрээ  гэх ч юмуу. Мөн түүхийн, монгол ахуйн аялал жуулчлал зэргийг хөгжүүлэх боломжтой гэж харж байна. Хөвсгөлд аялж болох бүх газрыг харуулсан богино хэмжээний кино бүтээж, Хатгал мэдээллийн төвд гаргах зэргээр  аялагчдын сонирхлыг сумд руугаа татах бодлого баримтална. Ганц Далай ээждээ төвлөрүүлээд байвал цаашид ачааллаа дийлэхээ болино. 

-50 жилийн туршид ажиллахдаа нэг л жил ашигтай ажилласан Могойн голын нүүрсний уурхайн 51 хувь орон нутгийн өмч. Энэ уурхайн ашигт ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ?

-Би уул уурхай ашиглахыг эсэргүүцдэг хүний нэг. Гэсэн хэдий ч нүүрсийг тодорхой хэмжээгээр ашиглаж байж буцаад байгалиа хамгаалах юм. Могойн голын хувьд жилийн жилд хөрс хуулалт зузаарч байгаа тул үйл ажиллагааных нь зардал ихэссэн. Өнгөрсөн жил гэхэд 900 сая төгрөгийн алдагдалтай ажилласан. Хөвсгөл, Завхан аймаг хоёрт жилд 60 мянган тонн нүүрс нийлүүлж байна. Могойн голын уурхайн үйл ажиллагаа зогсвол аймагт үйл ажиллагаа явуулдаг бүх уурын зуух зогсох эрсдэлтэй. Тиймээс Засаг дарга болон уурхайн захирлуудаас Зам тээврийн яамны сайдын тушаалыг баримталж 10-р сарын 25-аас 03-р сарын 25 хүртэлх хугацаанд жин тонныг нь стандартад тохируулан коксжсон нүүрсийг экспортлох санал тавьсан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан саналыг хүлээн авч байгаа. Уг асуудлыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар шийдвэрлэнэ.

Цаашид хувийн хэвшилд шинэ уурхай бий болгох асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин орон нутгийн өмчөөр хуучин Хорих ангийн Нүүрстэйн амны нүүрсийг түшиглэн шахмал түлшний үйлдвэрлэл бий болгоно. Энэ нь 100 хувь орон нутгийн өмчит байгууллага байх ёстой. Ашиг нь  хувьцаа эзэмшигчдэд очихгүй орон нутагтаа үлдэх юм. 

-Цаашид аймгийн ИТХ ямар томоохон, шинэлэг  ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Цахим засаглалыг хөгжүүлэхээр зорьж байна. Хурлын үйл ажиллагааг орон зайнаас үл хамааран цахимаар явуулж хэвшинэ. Ингэснээр цаг хугацаа, хөрөнгө зардлын ч тодорхой хэмнэлт гарах юм. Иргэдийн санал, хүсэлтийг ч мөн цахимаар хүлээн авах гээд дэс дараатай үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна даа.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье

-Баярлалаа. Нийт Хөвсгөлчүүд минь өвлийг өнтэй давж урин хаврыг эрсдэл багатай угтан, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж дэглэм, журмаа чанд сахин эрүүл энх байхыг хүсэн ерөөе. 

Ярилцсан Б.Гэрэлням