Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 3 дугаар гудамжинд  1 сарын 27-ны өдрийн 19:14 цагт 5 ханатай гэр шатаж уг гал түймрээс Б /13 настай, эрэгтэй/, А /9 настай, эмэгтэй/, М /5 настай, эмэгтэй/, А /2 настай, эмэгтэй/, З /7 сартай, эмэгтэй/ нарын амь насыг дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид авран хамгаалсан билээ. Тэгвэл тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн П.Анужин тухайн айлд туслахаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрээр : "Сонгинохайрхан дүүргийн 8-р хороонд айл шатаж, дүүргийн онцгой байдлын хэлтэс шуурхай ажиллаж 5 хүүхдийн амь нас аврагдлаа. Тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд, мөн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учралын ажлын албаны хамтаар дулаан гэр, бүтэн тавилгыг шийдэж өгөхөөр боллоо. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхдээ, гал гарах, түлэгдэх, осолдох эрсдлийг бодож, анхаарал богоомжтой байцгаая!" гэжээ.