Цаг үеийн мэдээ

Улсын эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээг сайжруулж, эмч, ажилтнуудыг гүйцэтгэлээрээ санхүүждэг тогтолцоо руу аваачих хууль энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл эмнэлэг олон улсын стандартын дагуу хөгжих суурь тавигдаж буй. Тэгвэл өнгөрсөн онд манай улсын төрөлжсөн төв гурван (УНТЭ, УГТЭ, АӨСҮТ) том эмнэлэг хагас бие даасан байдалд шилжин ажиллаж эхэлсэн. Үүний нэг нь Арьс Өвчин Судлалын Үндэсний Төв. Хагас бие даасан байдалд шилжээд ямар туршлага хуримтлуулж, ямар үр өгөөж хүртсэн талаар тус төвийн Ерөнхий захирал, Анагаах Ухааны магистр, Арьс гоо заслын тэргүүлэх зэргийн эмч Ц.Уранчимэгтэй ярилцлаа.

-Улсын эмнэлгүүд “Хагас бие даасан байдал” –д шилжихийг “хувьчлагдах” нь гэж ташаа ойлгох тал бий. АӨСҮТ-ийн хувьд шинэ менежмент хэрэгжүүлж эхлээд жилийн хугацаанд хэр үр дүнгээ өгсөн бэ?

-Арьс Өвчин Судлалын Үндэсний төвийн (АӨСҮТ) хувьд 2020 оны дөрөвдүгээр сараас ТУЗ-тэй болж, хагас бие даасан байдал руу шилжиж, шинэ бодлого, чиглэлээр ажиллаж эхэлсэн. Эмнэлэг хагас бие даасан байдал руу шилжсэнээр хөгжих зөв тогтолцоо руугаа шилжиж байна гэсэн үг. Энэ бол хувьчлагдах биш харин хуулийн хүрээнд ЭМД-ынхаа тусламж, үйлчилгээг чанартай хүргэхийн зэрэгцээ нийт орлогынхоо 6-10 хувьд төлбөртэй үйлчилгээг үзүүлж, өөрийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх боломжийг олгож байгаа юм. ТУЗ-тэй болсноор олон талын хяналтын тогтолцоог нэмэгдүүлэх, сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх захирлаа сонгох, эмнэлэг өөрийн гэсэн хөгжлийн төлөвлөгөө, бодлого чиглэлээ батлуулан ажиллах боломж бүрдсэн. Миний хувьд 2016 оноос Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч, 2018 оноос ерөнхий захирлаар томилогдон, өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас сонгон шалгаруулалтаар тус төвийн гүйцэтгэх захирлаар сонгогдон ажиллаж байна.

АӨСҮТ өнгөрсөн 9 сарын хугацаанд бие даан өөрсдийн хөрөнгөөр амбулаторийн хэсгээ бүрэн засварлаж, хоёр талт эмийн сан, эрчимт эмчилгээ болон яаралтай тусламжийн тасгуудыг шинээр нээж, үйл ажиллагааг нь өргөжүүллээ.

Өмнө нь манай төв хэдий  гуравдугаар шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг боловч эрчимт эмчилгээний хоёр л ортой байсан бол өнгөрсөн онд ТУЗ-ийн шийдвэрээр тасаг болж өргөжсөн. АӨСҮТ-ийн хувьд арьсны эрчимт  эмчилгээний тасгийн хэрэгцээ, шаардлага байсан учраас шинээр нээж, яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлэхийн тулд ашиггүй ажилладаг нэг тасгаа татан буулгаж, оронд нь дөрвөн ортой шинэ яаралтай тусламжийн тасагтай болсон зэрэг олон эерэг үр дүн гараад байна.

-Өнгөрсөн онд танай эмнэлэг ашигтай ажиллаж, олон шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн гэж байсан. Улсын эмнэлэг ашигтай ажилласан гэхээр хүмүүс сайн -ойлгохгүй байх?

Өмнө нь улсын эмнэлгүүд тусламж, үйлчилгээнийхээ өртгийг тооцдоггүй байсан.  Төсвөөс хуваарилсан санхүүжилтээ зарцуулах ёстой гэсэн зардлууддаа л зарцуулаад дуусдаг байлаа. Хэрэв хэмнэлт гарвал улсын төсөв руу буцаан татдаг байв.

Харин хагас бие даасан байдалд шилжсэнээр эмнэлгүүд үйлчилгээ бүрийнхээ өртгийг тооцож, алдагдалтай байна уу, ашигтай байна уу гэдгээ тооцдог, дүн шинжилгээ хийдэг болсон. Түүнчлэн олон үйлчлүүлэгчидтэй больё, тусламж, үйлчилгээнийхээ цар хүрээ, төрлийг нэмэгдүүлье, эрэлт, хэрэгцээтэй үйлчилгээгээ улам сайжруулъя зэрэг зорилт тавьж ажилладаг болсон.

Бидний хувьд эхний ээлжид өртөг тооцож үзэхэд хэвтэн эмчлүүлэх тасаг эрэлт багатай, орны илүүдэл ихтэй, үүнээс үүдэн алдагдалтай ажиллаж байсныг тогтоосон. Харин эсрэгээрээ амбулаториор үйлчлүүлэгчдийн тоо өндөр, манайхыг  зорьж ирдэг хүмүүс их байсан. Тиймээс зориод ирсэн үйлчлүүлэгчдэдээ тусламж үйлчилгээгээ чанартай, шуурхай үзүүлэх зорилт тавьж, нилээн хүчээ нэмэгдүүлэн, олон шинэ тусламж үйлчилгээг нэвтрүүлсэн. Зөв зохион байгуулалт хийж ажилласнаар зардлын зөв зарцуулалттай болж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн, сайжруулж, ашигтай ажиллаж болдог юм байна гэдгийг 2020 оны гүйцэтгэлээрээ харууллаа. Дээрээс нь бид 2020 онд шинэ менежмент хэрэгжүүлж ажилласны үр дүнд дансандаа тодорхой хэмжээний үлдэгдэлтэй байж, санхүүгийн хувьд өр авлагагүй, эдийн засгийн хувьд хямралгүйгээр ажиллаж чадсандаа баяртай байгаа.

Өнгөрсөн онд цар тахлын үед үйлчлүүлэгчийн тоо ялангуяа 3,4, 11,12 дугаар саруудад нэлээн буурсан. Бидний тооцоолсон санхүүжилт орж ирээгүй ч гэсэн ажилчиддаа 10 дугаар сараас “Хандлагын 10 хувийн нэмэгдэл”-г олгож эхэлсэн. Мөн жилийн эцэст бүх ажилчиддаа 13 дахь сарын цалин болох нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг тус тус олгосон.

-АӨСҮТ-ийг харшил, арьсны өвчлөл эмчилдэг гэдгээр нь түлхүү мэддэг. Харин арьс гоо засал, гоо сайхны төрөл бүрийн нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдгийг тэр бүр сайн мэдэхгүй байх?

-Манай АӨСҮТ-ийн мэргэжлийн арьс гоо заслын эмч, сувилагчдын баг улсын хэмжээнд олон төрлийн эмчилгээний гоо засал, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл хувийн эмнэлгүүдэд үзүүлдэг бүх төрлийн гоо заслын үйлчилгээг манай төв үзүүлж байна.

Манай эмч, мэргэжилтнүүд БНСУ-д  мэргэжил дээшлүүлж, гадаадын шинэ технологи, гоо заслын ажилбаруудыг нутагшуулан хөгжүүлж байна.

Тухайлбал, ботокс, филлер, PRP, лазер эмчилгээ, мезо тарилгууд зэрэг гоо сайхны тусламж, үйлчилгээг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн, өндөр үр дүнтэй үзүүлдэг. АӨСҮТ-өөр үйлчлүүлж буй иргэдийн хувьд илүү найдвартай, чанартай, мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдээс тусламж, үйлчилгээ авдаг онцлогтой.

ЭМЯ-аас өнгөрсөн онд манай эмнэлэгт Eximer лазерын аппаратыг өгсөн. Энэ нь арьс цайх өвчтэй хүмүүст хэрэглэдэг шинэ эмчилгээний арга юм. Сүүлийн үед арьс цайх өвчин ихсэх хандлагатай байна. Энэ  нь өвдөх, загатнах зовиур байхгүй ч гэсэн хүний гоо сайханд нөлөөлж, сэтгэл зүйд асар их дарамт учруулдаг. Энэ аппаратын тусламжтайгаар арьсны цайралтыг нь бүдгэрүүлж, цаашлаад цайралтыг зогсоодог. Эмчилгээний гоо засал, нөхөн сэргээх тасагт PDRN буюу загасан тарилгыг  үс уналт, арьс залуужуулах, арьс цайх өвчний үед хэрэглэж байна. PRP эмчилгээ, эхэсийн тарилга, Fractional CO2 лазер эмчилгээг батганы сорви, арьс залуужуулах зорилгоор хийх нь эмчилгээний үр дүн өндөртэй байгаа. Мөн Pink Aging treatment хэмээх арьсыг цайруулах нөхөн төлжүүлэх мезотарилга, хэсэг газар өөх хайлуулах тарилгыг шинээр нэвтрүүлж байна.

Хумсны мөөгөнцөрт өвчний оношилгоонд PAS stanin-г хэрэглэх зэрэг оношилгооны шинэ аргыг нэвтрүүлж байна. Мөн хөлдөөх эмчилгээний аргыг нэвтрүүлж, энэ жилээс бид  келойд сорив буюу хэт ургалттай соривуудыг эмчлэх аргыг нэвтрүүлж байна. 

-АӨСҮТ-ийн амбулаториор өдөрт хичнээн иргэд үйлчлүүлдэг вэ?

-Энгийн өдрүүдэд амбулаториор 200-400 иргэн үйлчлүүлдэг. Цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед 100-200 иргэн үйлчлүүлж байна. Ер нь бид  жилдээ 80-90 мянган хүнд тусламж, үйлчилгээгээ үзүүлдэг.

-Танай төв зөв зохион байгуулалт хийснээр хүлээгдэл, чирэгдлийг арилгасан гэж байсан?

-Манай төв нь үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж, энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг ганц нарийн мэргэжлийн төв. Тиймээс арьсны өвчлөл, харшил, хүүхэд, арьс гоо засал, мэс засал зэрэг төрөлжсөн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Амбулаторийн үзлэгээ арьс, харшил, хүүхэд,  арьсны мэс засал гэх мэт төрөлжүүлж, шинээр хэд хэдэн кабинетуудыг нээгээд байна.Мөн өдрийн эмчилгээг нэвтрүүлэн, шаардлагатай иргэдэд өдөр тутамдаа тухтай орчинд, эмчилгээ хийлгэх боломжтой болгосон.

Манай төвд ирж буй үйлчлүүлэгчдийн ихэнх нь хүнсний харшилтай байдагтай учраас “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төв”-ийг өргөжүүлэн ашиглалтад орууллаа. Ер нь арьсны архаг өвчтэй хүмүүс тодорхой хэмжээгээр хоолны дэглэм барих шаардлагатай тулгардаг. Энэ төвд хоол зүйч эмч хоол зүйн зөвлөгөө өгдөг бол сэтгэл зүйч эмч  сэтгэлзүйн зөвлөгөө тусламжаа үзүүлдэг. Арьсны өвчлөл нь бусад өвчнийг бодвол нүдэн дээр ил байдаг тул хүмүүс сэтгэл зүйн хувьд стрессд их өртдөг. Жишээ нь элэг өвдлөө гэхэд элгээ харахгүй учраас шууд стресстэхгүй, мэдэхгүй яваад байдаг бол арьсан дээр, ялангуяа нүүрэн дээр ганц тууралт гарахад л стресстэх тохиолдол их байдаг.

Түүнчлэн хүний нөөцийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, шинэ системээр ажиллаж байна. Амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмч амралттай болон эзгүй байх үед нь тухайн эмчийг орлон ажиллах хүн байдаггүй байлаа. Харин бид менежментээ өөрчилж, амарсан болон эзгүй байгаа эмч нарынхаа оронд гэрээт эмч ажиллуулж, зориод ирсэн үйлчлүүлэгчид тусламж, үйлчилгээгээ тасралтгүй авах боломжийг бүрдүүлсэн юм. Улсын эмнэлэг гэхээрээ хүлээгдэл, чирэгдэл ихтэй гэсэн ойлголт байдаг. Чирэгдлийг бууруулах бодлогын хүрээнд бид амбулаторийн эмч нарын орон тоог нэмэгдүүлж, ачааллаа жигд тэнцвэржүүлсэн. Үүний нэг нь цаг авах системийг хөнгөвчилсөн. Цахимаар болон нэгдсэн цаг захиалгын 1800-0119 төв, 70115036 зэрэг утсаар цаг өгдөг болсон. Үүний үр дүнд хүлээгдэл арилж, захиалсан цагтаа ирж үйлчлүүлдэг болоод байна.

-Сүүлийн жилүүдэд харшлын гаралтай өвчлөл их нэмэгдэж байна. Тэгвэл Монголчуудын хувьд ямар төрлийн харшил нэмэгдэж байгаа вэ?

-Дэлхий даяар арьс харшлын өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж, Монгол Улсын хэмжээнд хүн амын өвчлөлийн шалтгаанаараа эхний 6 дугаар байранд орж байна.  Манай амбулаторийн хувьд тэргүүлэх 5 өвчлөлд Атопийн дерматит, чонон хөрвөс, батга, харшлын ринит, хавьтал харшлын дерматит орж байна. Харин хэвтэн эмчлүүлэгчид дунд арьсны архаг өвчлөлүүд буюу хайрст үлд тэргүүлж байна. Сүүлийн үед хүмүүсийн хоол хүнснээс гадна эмийн зохисгүй хэрэглээтэй холбоотой харшлууд их тохиолдож байна. Бага насны хүүхдүүд хүнсний бүтээгдэхүүн, эмнээс болж хордлого харшлын дерматит, хурц хэлбэрийн чонон хөрвөс зэрэг тохиолдлууд их бүртгэгдэж байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд  хүмүүсийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Улирал солигдохтой холбоотойгоор амьсгалын дээд замын харшлууд ч их бүртгэгддэг. Ялангуяа хавар, зуны улиралд ургамал ургаж эхлэх, тоосоо гөвөхтэй  холбоотой ургамлын тоосонцорын харшил буюу найтаах, хамраас нь нус гоожих шинж тэмдэгтэй хүмүүс их ирдэг. Манай эмнэлгийн хувьд эдгээр харшлыг хурц үедээ ороогүй байхад нь угтуулах эмчилгээг хийдэг. Энэ аллерген эмчилгээ буюу дархлаа заслын эмчилгээний түүхий эдээ өөрсдөө бэлтгэж, эмийн үйлдвэрт савлуулж бэлтгэдэг. Шарилжны харшилтай хүмүүст 4-р сард угтуулаад хамрын цацлага хэлбэрээр 45 хоногийн курс эмчилгээг өгдөг. Харшлын аллерген эмчилгээг курсээр нь хийх, удаан хугацаанд сайн хийвэл үр дүнгээ өгдөг. Эхний жил хамрагдсан үйлчлүүлэгч нар маань дараа жил нь өөрсдөө давтан ирдэг нь үр дүнтэй байгааг харуулж байна.

-Зарим хувийн эмнэлэг, салонууд тухайн хүний арьсны онцлогийг тодорхойлолгүй янз бүрийн гоо сайхны үйлчилгээг хийх, тэр нь зарим хүмүүст тохирохгүй харшил үүсгэх тохиолдол гардаг. Энэ чиглэлээр танай төвд хэр ханддаг вэ?

-Стандартын шаардлага хангаагүй, хувийн эмнэлэгт баталгаагүй мэргэжлийн бус хүнээр янз бүрийн ажилбарууд хийлгээд тэр нь хүндрээд ирэх тохиолдол их байна.

Энэ нь ихэвчлэн мэргэжлийн хяналтын байгууллагад гаргасан гомдлын дагуу манай төвөөр эмчилгээ стандартын дагуу хийгдсэн үү гэдэгт дүгнэлт гаргуулах зорилгоор, мөн илэрсэн үр дагаврын дагуу эмчилгээ хийлгэхээр ирдэг. Ялангуяа арьсны гоо сайхны чиглэлээр хийгддэг лазер эмчилгээнүүдийн дараах хүндрэл нийлээд байдаг.

-Гоо сайхны бүтээгдэхүүн гэснээс зарим хэрэглэгдэж байгаа тарилгуудыг хувь хүн  худалдаалаад явж байх нь бий.

-Манай эмнэлэг нь улсын эмнэлэг учраас улсын бүртгэлд бүртгэгдсэн баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийг хэрэглэдэг. Гадуур улсын бүртгэлд бүртгэгдээгүй хувь хүн оруулж ирсэн эм, эмийн бодисуудыг хэрэглэдэг тохиолдлууд их байдаг. Энэ нь чанарын баталгаа байхгүй, үр дагавар нь  тодорхойгүй, эргээд хүндрэл гарахад буцаж хандах эзэн, хариуцах байгууллага байдаггүй. Харин албан ёсны гэрээт борлуулагчаас нь авсан бол танай энэ эм ингэж харшил өгөөд байна гээд буцаад хандах боломж байдаг. Ер нь иргэд өөрсдөө л хяналтаа сайжруулах хэрэгтэй.

Тухайлбал хувийн гоо сайхны газар болон эмнэлгээр үйлчлүүлэхдээ тухайн эмнэлэгт эмчлэгч эмч нь мэргэжлийн эмч мөн эсэх, халдвар хамгааллаа барьж байгаа эсэх, стандартын дагуу тусламж үйлчилгээгээ үзүүлж байгаа эсэхэд хяналт тавьж, сонголтоо зөв хийх хэрэгтэй. 

 Үүнээс гадна аливаа эмийн бодис хадгалах горимтой. Хувь хүн зараад явж байна гэдэг чинь хадгалах горим нь асуудалтай байх магадлал маш өндөр. Тиймээс ахин дахин л нягтлан шалгах хэрэгтэй юм.

-2021 онд танай хамт олон ямар зорилт тавин ажиллаж байна вэ?

-Бид дэлхийн жишигт хүрсэн тусламж үйлчилгээг үзүүлж, гадагшаа урсах мөнгөний урсгалыг саармагжуулах, эх орондоо сэтгэлд нийцсэн чанартай тусламж үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж ажиллахыг зорьж байна. Нэг талаас бид хүний нөөцийг чадавхжуулах, танхимаар болон зайнаас сургах тэр ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Өмнөх жилүүдэд урт болон богино хугацааны гадаад сургалтыг тогтмол зохион байгуулдаг байсан бөгөөд БНСУ-ын Сөүлийн их сургууль, Тайваний Юрун эмнэлэг, ОХУ, Сингапур, ӨМӨЗО-той байнгын хамтын ажиллагааны гэрээтэй хамтран ажиллаж байна. Хагас бие даасан байдалд шилжсэнээр шинэ аппарат, тоног төхөөрөмжүүдийг урт хугацааны зээлийн гэрээгээр авч үйлчилгээний төрлөө нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа бөгөөд энэ жил төлөвлөж  буй олон ажил биднийг хүлээж байна.

-Ярилцсанд баярлалаа.