Цаг үеийн мэдээ

Та бүхэнд урлагийн мэдлэг олгох зорилгоор Монгол зургийн тухай мэдээлэл бэлдлээ
Монгол зурагт бусад дорнын уран зургийн стилийн нөлөө огт байхгүй гэж хэлж болохгүй болов ч монгол зураг нь үнхээр монгол үндэстнүүдийн дүрслэх урлагийн уламжлалыг бүрэн өөртөө агуулсан , монгол туурагтны язгуур сэтгэлгээ , нүүдэлчин ард түмний гоо зүйн онцлог шинжүүдийг өөртөө шингээсэн онцгой бөгөөд уран сайхны өндөр үнэ цэнэтэй урлагийн бүтээлүүд болохыг нь судлаачид онцгойлон тэмдэглэж байна .


• Монгол зургийн онцлог нь ард түмний дүрслэх урлагийн уламжлал, тэдний язгуур сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэлтэй нь маш нарийн бөгөөд нандин холбоотойд оршино . Монголчууд өнгөний билэгдэлт чанарыг нилээд өндөрт тавьдаг байсан .
• Монголын дүрслэх урлагт гүн цэнхэр, улаан, ногоон, шар, цагаан зэрэг өнгөнүүд зонхилдог . Завсрын өнгүүд маш ховор ашигладаг байсан ба тод өнгүүдтэйгээ ихэд нарийн зохилруулан ашиглаж чаддаг байсан нь хүртэл монголын уран зургийн өнгөний зохиомжны онцлог тал гэдгийг судлаачид тэмдэглэдэг .
• Монгол зураг нь нэг хавтгай дээр олон үйл явдлыг багтаах ба зураас голлосон дүрслэлүүд нь хурц тод өнгөөр ялгаран, хээ угалзаар чимэглэгдсэн хавтгай шинжтэй ч дүрслэлийн аргачлалаараа орон зайг үүсгэж чаддаг онцлогтой .
• Нэг эн хавтгайд алслалын олон аргыг зэрэг ашигладаг ба хашааг дээрээс нь харин сүмийг нь х а жуугаас нь харж буй мэтээр дүрсэлсэн нь сонин бөгөөд хятад япон энэтхэг зэрэг орноос эрс өөр .
• Жишээ нь Хятад зурагт алслалыг шийдэхдээ цааш манаргаж цайруулж шийдсэн байдаг бол манайх ханасан тод өнгөөр хавтгай тавилттай зураад харин зураасны хүнд хөнгөн даралтаар орон зайгаа шийдэж байсан нь гайхалтай хийгээд өвөрмөц юм .
Монгол зургийн гайхамшиг
Монгол зургийн гайхамшиг юунд оршдог вэ?
Монгол улсад дүрслэх урлагийн академи байсан бол "Монгол зураг"-ийг ирээдүйгүй зүйл гэж хэн ч хэлж зүрхлэхгүйсэн. Яагаад гэдгийг нь монгол зургийн мөн чанарыг бүрэн "уншаад" ирэхээрээ ойлгоно. Жишээ нь монгол зурагтай холбоотой сүүлийн нэг жилд гарсан мэдээллүүдийг сөхөөд үзээрэй. Зөвхөн манай Бюро 24/7-с харахад л "Монгол үүлэн хээ дэлхийн зарим дизайнерыг урамшуулж байгаа" гэдгийг хамгийн түрүүнд олж мэднэ. Мари Катранзу тэргүүтэй алдартай дизайнерууд өнгөрсөн намар, өвлийн загварууддаа бидний нэг их тоогоогүй урлагийн элементээр онцгойрч чадсан байна.
Ази-Номхон далайн бүс нутаг дахь хамгийн том контемпорари триенналд монгол зургийн дөрвөн уран бүтээлч оролцож, дэлхийн орчин үеийн урлаг одоо монгол зургийг нэлээн сонирхож байгаа гэдгийн нэг илрэл болсон. Мөн монгол зураг граффити маягаар гадаа ил гарч, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн ханыг чимэглэсэн байна.
Монгол улсынхаа нэрээр овоглосон урлагийн энэ төрлийг В.И.Суриков, И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академи төгссөн мэргэжлийн зураачид яагаад "Ердөө л шувууны өндрөөс харсан, болхи, примитив зураг" гэж гоочлох болсон юм бол?
Үнэндээ "Монгол зураг" гэх нэр томьёог анх бий болгосон 1958-1986 оны хооронд бүтээгдсэн зургууд хүүхдийн юм шиг дүрслэлтэй, алслалтгүй, гэрэл сүүдэр нь бүрэн гараагүй, өрнийн шилдэг зургуудтай өрсөлдөх чадвар сул гэж боддог, батладаг хүмүүс цөөнгүй бий.
Уг нь бид "Монгол зургийн гайхамшиг юунд оршдог вэ" гэдгийг уншигчиддаа товч, тодорхой өгүүлэх зорилготой байсан юм. Харин энэ нь тийм ч амархан зүйл биш бөгөөд үүнийг тодорхой бүлгүүдээр тайлбарлах ёстой зүйл болж таарлаа. Үүнийг тайлахын тулд 2014 онд Ц.Нармандах тэргүүтэй "Монгол зургийн нийгэмлэг"-ийн зүгээс "Монгол зураг" гэж тодорхойлсон тунхаглал байдгийг танд товчлон хүргэх хэрэгтэй болсон юм.
Урлагт манифест маш чухал бөгөөд өмнө нь монголын дүрслэх урлагийн түүхэнд тунхаг гарч байсангүй.
Мөн би энэхүү тунхагийг тэргүүлж бичсэн Ардын зураач Н.Цүлтэмийн охин Нармандах гуайтай уулзаж, нэмэлт тодруулга авлаа. Тэрбээр 1986 оноос эхлэн ДУДС-ын монгол зургийн ангид шинэ сургалтын арга барил нэвтрүүлсэн хүн юм. Чингэхдээ Европын орчин үеийн урлагийн мөн чанар дээр суурилсан Баухаус сургалтыг монгол зургийн боловрсол олгох хөтөлбөрт оруулсан ба өнгөрсөн хугацаанд 200 орчим шавь төрүүлжээ. Эдгээр уран бүтээлчдийг "Монгол зургийн нийгэмлэг" тэргүүлдэг бөгөөд тэд Монгол зургийг урлагийн шинэ төрөл гэж тунхагласан юм.
Энэ тунхаглалаар бол Монгол зургийн эхэн үеийн хөгжил нь 1958 оноос эхлэх бөгөөд 1986 оноос хөгжлийн хоёр дах шатдаа орсон гэж үздэг. Харин 1958 оноос өмнөх монгол зургууд нь Бурхан, шашны урлаг ба XVII зуунаас өмнөх цаг үеүүдэд оршин тогтнож байсан улс, гүрнүүдийн соёлын дурсгал гэж ангилах юм байна.
Үүнийг нийтээр нь "Нүүдэлчин монголчуудын урлагт хандах хандлага юу байсан бэ?" гэх асуултаар нэгтгэн харж болох аж.