Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараа Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нар мэдээлэл хүргэлээ. 

Энэ үеэр "Нийслэлд сургууль, цэцэрлэгийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх боломжтой юу" гэсэн сэтгүүлчийн асуултад Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан: "Улаанбаатар хотод ЕБС-ийн хичээл хэзээ эхлэх нь одоогоор тодорхойгүй байна. Тодорхой товыг УОК, ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлж салбарын сайдын саналыг үндэслэн гаргана. Шинэ дүрэм журмаа хангалттай хэвшүүлээгүй байгаа учраас нөхцөл байдлын хувьд цэцэрлэг, сургуулийг зэрэг эхлүүлэх боломжгүй ч ойрын хугацаанд Засгийн газраас шийдвэрлэнэ. Халдваргүйтгэл, ариутгалыг БШУЯ-наас байнга хянаж ажиллаж байгаа. Засгийн газраас шийдвэр гаргаж, эрсдэлгүй ногоон бүсэд зохион байгуулалттайгаар, хэсэгчлэн хичээл сургуулийг нээх үүрэг даалгавар өгсөн. Шинэ дэглэмд сайн хэвшээгүй байгаа учраас шууд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлж, хүүхэд багачуудаа эрсдэлд оруулж болохгүй. Тиймээс цаг үеийн нөхцөл байдлаа дүгнэж, ойрын хугацаанд зарим шийдвэрийг гаргана. Халдвар тархах эрсдэлтэй байгаа үед бид бага насны хүүхдүүдээ эрсдэлд оруулах аюултай гэдгийг та бүхэн минь мэдэж байгаа гэж найдаж байна" гэлээ.