Цаг үеийн мэдээ

Завхан аймгийн Шилүүстэй суманд 2 иргэнээс короновирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан аймгаас Шуурхай арга хэмжээний баг, Хариу арга хэмжээний баг, ХӨСҮТ-өөс 5 хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь очиж ажиллаж байна. 

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс өгсөн чиглэлийн дагуу маргааш буюу 3-р сарын 5-ны өдөр халдвартай 2 иргэнийг ХӨСҮТ-рүү тээвэрлэж, ойрын хавьтлын насанд хүрсэн 3 хүн, 3 хүүхэд, нийт 6 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт шилжүүлэн хяналтад авахаар шийдвэрлэлээ.

Халдвар авсан иргэдийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг ойрын хавьтлын иргэдийг хүлээж авах бэлэн байдлыг бүрэн хангажээ. 

Халдвартай хүнтэй 2-р сарын 27-ны өдрөөс хойш хавьтал болсон иргэдийг тодорхой болгосон тул голомтоо хяналтад авсан гэж үзэж байгаа юм. Одоогоор Шилүүстэй суманд дам хавьтлын 80 гаруй иргэнийг гэрт нь тусгаарлан ажиглаж байна. 

Хамгийн гол нь эдгээр иргэд 7-14 хоногийн гэрийн тусгаарлалтаа маш сайн хийсэн тохиолдолд цаашид тус суманд эрсдэл бага гэдгийг мэргэжлийн хүмүүс онцгойлон анхаарууллаа.   

Маргааш халдвартай 2 иргэн болон ойрын хавьтлын иргэдийг тээвэрлэсний дараа Зоонозын өвчин судлалын төвөөс дахин ариутгал халдваргүйтгэл хийнэ.

Эх сурвалж:Аймгийн онцгой комисс