Цаг үеийн мэдээ

Монгол улс нь төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар бодлогыг 2016 онд батлаж , 2020 , 2025 онд хоёр үед шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байдаг бөгөөд өнгөрсөн онд эхний үе шат дууссан байна.

Гэвч хөдөлмөр эрхлэлтийн статистик үзүүлэлтээс харахад энэхүү бодлого төлөвлөсөн зорилгодоо хүрч чадаагүй, тэр дундаа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн оролцоо, түвшин буурсан, ажиллах хүчнээс гадуур тооцогдож байгаа эмэгтэйчүүдийн тоо тасралтгүй нэмэгдсээр байна. Зөвхөн хүүхэд , өндөр настан асарч буй шалтгаанаар ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эмэгтэйчүүд 2015 онд 91,334 байсан бол 2020 оны байдлаар 140,531 болж өслөө, цаашид ч өсөх хандлагатай байна.

Эмэгтэйчүүдийн оролцооны түвшин мөн онуудад 55.4 % -53.4 % , хөдөлмөр эрхлэлт 51.7 % -48.7 % болж буурсан байна. Нөгөө талаас, ажил хөдөлмөр хийх хэрэгцээ шаардлага байгаа хэдий ч хүүхэд харах хүнгүй, ажлын цаг уян хатан бус, ажлын байрнаас удаан хугацаагаар хөндийрсөн тул хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй байгаа зэрэг олон асуудал бэрхшээл байгааг Цахим судалгааны дүн харуулж байна.

Иймд НҮБ - ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенцэд нэгдэн орж, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийг хангах үүрэг хүлээсэн, амлалт өгсөн улс орны хувьд дараахи арга хэмжээ даруй авахыг шаардаж байна. Үүнд :

1. Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогын эхний үе шат 2020 онд дууссантай холбогдуулан Хөгжлийн бодлого төлөвлөлт , түүний удирдлагын тухай хуулийн 12.1 , 12.2 - т заасны дагуу энэхүү бодлогын үйл ажиллагаа , санхүүгийн тайлан , гарсан үр дүнгийн тухай УИХ - аар хэлэлцэж , дүгнэх , нийтэд мэдээллэх

2. Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх хангагдаагүй , эдийн засгийн оролцоо хангалтгүй байгаа тул “ Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр ” гаргах талаар Засгийн Газарт чиглэл өгөх

3. “ Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр ” -ийг хэрэгжүүлэх хүний нөөц , төсөв санхүүг оновчтой төлөвлөх Ажлын хэсэг гаргах Зарим тоо мэдээлэл арын хуудаснаас харна уу" гэсэн шаардлагыг УИХ-д Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос гаргажээ.

Мөн тус холбооны тэргүүн Ш.Ариунаа "Өнөөдөр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломж хомс байна. Хүүхдээ цагт авах уу, ажлын цагаа дуусгаад бүтэн цалин авах уу гэсэн байдалд хүрэх нь олонтаа. Гэрийн ажлаас болоод ажил хийж чадахгүй байгаа 100 мянга гаруй эмэгтэйчүүд байна. Дээрээс нь ажлын байрны бэлгийн дарамт ихсэж байгааг судалгаагаар гаргасан. Судалгаанд хамрагдсан иргэдийн 98 хувь нь эмэгтэйчүүд байна. Өнөөдөр бид эмэгтэйчүүдэд цэцэг биш зэвсэг тараалаа. Зэвсэг гэдэг нь мэдээлэл. Ажлын байрны бэлгтйн дарамт, хөдөлмөр эрхлэх талаар олон олон мэдээлэл өгч байгаа. Мэдээлэл авснаараа ямар ямар арга хэмжээ авч болох, тус асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдлэг өгч байгаа гэсэн үг. Бидний дээр дурьдсан шаардлагыг УИХ хүлээн авч хэлэлцэх хэрэгтэй. Албан бичгээр өнөөдөр УИХ-ын тамгын газарт хүргүүлнэ, эмэгтэй гишүүд дэмжинэ гэдгээ илэрхийлсэн" гэлээ.