Цаг үеийн мэдээ

Төрийн ордонд Жендэрийн Үндэсний хорооны хурал эхэллээ. Энэ удаагийн хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удирдаж байна. 

Тэрээр: “Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг хүний эрхийн талаас нь тэмдэглэе. Манай улс авлигын индексээр 111 дүгээрт явж байгаа. Норвеги болон скандинавын улсуудад парламент болон Засгийн газрын түвшинд эмэгтэй гишүүдийн тоо олон байх тусам авлига, хүнд суртлын индекс багасаж байгаа үзүүлэлт бий. Тиймээс Засгийн газрын зүгээс 111 дүгээрт байгаа авлигын индексийг гурван жилийн хугацаанд нэг дахин бууруулах зорилт тавъя. Өнөөдөр манай улсын эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10-аар бага байна. Шулуухан хэлэхэд энэ нь архидалт, таргалалт, нойргүйдэлтэй холбоотой. Хоолны соёл нэвтрүүлж, архидалтын эсрэг томоохон арга хэмжээг эрчүүд дээрээ авахгүй бол энэ үзүүлэлт өсөх болно. Ходоо, элэг, нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдрын үндсэн шалтгаан дөрвөн зүйлтэй холбоотой. Эрчүүдийн ерөнхий хандлагыг авч үзвэл дандаа шөнийн 02:00 цагаас хойш гэртээ орж ирдэг. Тэр нь яг гүн унтаж байх цаг. Яг энэ цагт бие организм өөрийгөө цэвэрлэж байдаг. Гэтэл цэвэрлэгээ хийх цагт монгол эрэгтэй хүн пицца, хорхог идээд байж байдаг. Үүнээс болж маш олон бэлбэсэн эмэгтэйтэй улс болох нь. Тиймээс үүнийг хурцаар ярих шаардлагатай байна" гэлээ.