Цаг үеийн мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ нисэх буудлын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээгийн эрүүдэн шүүгдсэн бичлэгтэй холбоотой зарим зүйлийг хэллээ.

Тэрбээр "Хоригдож байсан эмэгтэйд хар тамхи тариад, хувцасыг нь зохион байгуулалттайгаар тайлж байгаа бичлэгийг нөхөр рүү нь явуулсан байсан. Тухайн үед олон нийтэд ил болгож чадаагүй. Жендерийн үндэсний хороон дээр эмэгтэй гишүүд маань энэ асуудлыг хөндөж, шийдвэрлэх шаардлагатайг ярьсан. Миний бие гуравдугаар сарын 8-нд  тухайн эмэгтэйтэй уулзана. Прокурорт ЗГ-ын зүгээс саналаа тавина. Энэ нь шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох гэдэг агуулгаар биш эрүүдэн шүүлт Монгол улсад ахиж байх ёсгүй гэдэг агуулгаар хийнэ. Төв аймгийн хорих анги дээр 3 дугаар сарын 8-ний өдөр очино. Эрүүдэн шүүлт хийсэн газар дээр нь очиж, тус хорих ангийг ахиж ашиглахгүйгээр хаана" гэлээ.