Цаг үеийн мэдээ

Соёлын сайд Ч.Номин, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар ажил хэргийн уулзалт хийж байна. 

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлж буй соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээх, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэлхийд нүүдлийн соёл иргэншлээ таниулах зорилтыг хэрэгжүүлэх, Монгол Улсын гадаад сурталчилгааг эрчимжүүлэх бодлогыг нэгдсэн зохицуулалтаар хангах үйл ажиллагааны талаар ярилцан, санал солилцож байна. 

Соёлын сайд Ч.Номин "Монгол соёл, Монгол баялаг" төслийн танилцуулгыг хийлээ. Засгийн газрын 3 дугаар сарын 3-ны хуралдаанаар "Монгол соёл, Монгол баялаг” стратеги төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх, хууль эрхзүйн орчинг сайжруулах, шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар болсон. 

Энэхүү төслийг төрмөл авьяас билгийг эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник, технологитой хослуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, монгол хүн, монгол бүтээлийг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх боломжийг бүрдүүлэх зорилгоор боловсруулаад байна.