Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшин сонгогдсон Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөнө.

Энэ талаар УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын тухай хуулиар Анхдугаар чуулганд тангараг өргөөгүй гишүүн оролцсон чуулгандаа тангараг өргөнө гэж заасан. Тиймээс пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар тангараг өргөнө гэж ойлгож болно” хэмээлээ.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 13-р тойрог Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн бөгөөд сонгуулийн саналын дүнгээр тойрогтоо нэгдүгээр бичигдсэн. Сонгуулийн сурталчилгааныхаа хугацаанд цагдан хоригдож, хорих ангиас сонгуульд өрсөлдсөн түүнд Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны 6-р сарын 26-ны өдөр гишүүний үнэмлэх олгосон юм.

Гэвч тэрбээр цагдан хоригдож байсан тул тангараг өргөх ёслолд оролцоогүй бөгөөд түүнийг суллах шийдвэрийг 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан юм.