Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөхийн Бүх Японы ахлах сургуулийн 64 дэх удаагийн аварга шалгаруулах “Казама Кап” тэмцээн гуравдугаар сарын 24-26-нд Нигата мужад боллоо. 125 кг-ын жинд "Кашива Ниттай” ахлах сургуулийн нэгдүгээр ангийн сурагч, 17 настай монгол хүү Батбаярын Намбардагва зургаан барилдаан хийж алтан медаль хүртэв. Домогт Саори Ёшидагийн төрсөн ахын удирддаг "Ичиши" залуучуудын клубийн багш Р.Баяраа түүнийг өнгөрсөн жил өдгөө сурч буй сургуульд нь авчирсан. Б.Намбардагва нь удамт бөх бөгөөд түүний аав нь Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат улсын начин Дугардоржийн Батбаяр. Сонирхуулахад, “Кашива Ниттай” сургуулиас сүүлийн гурван жил дараалан тус тэмцээнд түрүүлсэн Т.Бөхчулуун Биеийн тамирын их сургуульд элсч, сүмо рүү орохоор эргэлт буцалтгүй шийдсэн.

Эх сурвалж: Монголын бөхийн холбоо