Цаг үеийн мэдээ

Өнөөдөр  Эрүүл мэндийн яамны Б зааланд Монгол эрдэмтдийн бүтээсэн Шүлсний ПСР оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг АШУҮИС-ийн эрдэмтдэд гардуулан өгөх үйл ажиллагаа боллоо. 

АШУҮИС-ийн дэд захирал, доктор профессор Г.Батбаатараар ахлуулсан эрдэмтэд амжилттай ажиллаж, судалгаа шинжилгээ хийж, шүлсэнд коронавирус тодорхойлох аргачлалыг нэвтрүүллээ. 

Оношлуурыг бүтээхэд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хөрөнгө оруулалтыг хийж 47 сая төгрөгийн санхүүжилт гаргажээ. 

Тус оношлуураар албан ёсоор нөгөөдрөөс эхлэн шүлсэнд коронавирусийг тодорхойлж эхэлнэ. 

Одоогоор 4000 нэгж шинжилгээний оношлуурыг бэлэн болгоод байгаа боловч хангалттай нөөцийг бүрдүүлэхийн тулд тоног төхөөрөмж шаардлагатай гэв. Нэг удаагийн шинжилгээний өртөг 31,200 төгрөг боловч 7800 төгрөг болж буурах боломжтой аж.

Тус оношлуураар хийгдсэн шинжилгээний хариу шинжлэгдэхүүн буюу шүлсээ цуглуулан лабораторид ирснээс хойш 90 минутад гарах юм.

Бусад улс орнуудад шүлснээс халдвар илрүүлж байгаа боловч энэ оношлуур нь улс хүлээн зөвшөөрсөн цомог төрлийн анхны бүтээгдэхүүн юм.