Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит цаг үеийн мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон асуултаа асууж хариулт авлаа. 

Сэтгүүлч: Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндиийн үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв зэрэг томоохон эмнэлгүүдэд коронавирусний халдвар гарсан. Одоогоор хичнээн эмнэлэгт халдвар гараад байна вэ? Мөн хичнээн эмнэлгийн ажилтан халдвар авсан талаар тодруулж өгнө үү? гэсэн асуултад 

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа : "Монгол улсад коронавируст халдвар бүртгэгдснээс хойш 46 эрүүл мэндийн  байгууллагатай холбоотой халдвар гарсан. Энэ 46 эрүүл мэндийн байгууллагад 3 сарын 28-ны байдлаар 326 эрүүл мэндийн ажилтан халдварт өрсөн байна. Эдгээр 326  ажилтны 70 гаруй хувь нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан бол 30 хувь нь  хүн амын дундаас халдвар авсан байна. Халдварт өртсөн 326 эрүүл мэндийн ажилтан нь нийт өвчлөлийн 4.6 хувийн эзлэж байна. ДЭМБ-ын хийсэн тооцооллоор эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын дунд эзлэх халдварын хувь ойролцоогоор 12-14 хувьтай байдаг. Үүнтэй харьцуулахад Монгол улсад харьцангуй бага байна. Гэсэн хэдий ч сүүлийн үед эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдэх халдварын тоо нэмэгдэж байна. Ялангуяа 3 сарын 22-ноос хойш улсын болон хувийн хэвшлийн 16 эмнэлэгт халдвар бүртгэгдэж 32 эрүүл мэндийн ажилтан коронавируст халдварын батлагдсан тохиолдол болсон" гэлээ.