Цаг үеийн мэдээ

УОК-ын даргын тушаалаар Засгийн газрын гишүүн, сайд нарыг багтаан байгуулсан Шуурхай зохицуулалтын ажлын баг халдварын нөхцөл байдалд дотоодын үйлдвэр, ААН-үүд хэрхэн ажиллаж халдвар хамгааллын дэглэмийг сахиж буйтай газар дээр нь танилцан ажиллаж байна. 

БХБ-ын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын баг өчигдөр “Талх чихэр”, “Сүү”, “Хаан хүнс”, “ЭМ СИ ЭС Кока Кола”, “Стимо”, “Траст трейд” ХХК-ийн үйл ажиллагаа, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ажиллаж байгаатай танилцлаа. 

Хүнсний үйлдвэрүүд халдвар хамгаалал, эрүүл ахуйн дүрэм журам, УОК болон МХЕГ-аас өгсөн заавар зөвлөмжийг биелүүлэн ажиллаж байгаагийн дээр ажилтнуудаа коронавирусний эсрэг дархлаажуулалтад бүрэн хамруулахыг зорьж байна. Тухайлбал “Эм си эс кока кола” үйлдвэр дархлаажуулалтын эхний тунд ажилтнуудаа 100 хувь хамруулсан бол бусад үйлдвэр ажилтнуудын 75-85 хувийг хамруулжээ. 

Нийслэлд хатуу хөл хорио тогтоосон тохиолдолд ажиллах журам боловсруулан, эрсдлийн зэргээ тодорхойлохын зэрэгцээ ажилтнуудтайгаа гэрээ байгуулж, ажил-гэр маршрутаар зорчуулах аж. “Сүү” ХК нь үйлдвэрийн зэргэлдээ байрлах “Мандах” дээд сургуультай гэрээ байгуулснаар ажилтнуудаа түр байрлуулах боломжийг бүрдүүлсэн байна. “Стимо” ХХК үйлдвэрийн 11 цехийг тус бүрт нь тусгаарлан, ажилтнуудын орох гарах хөдөлгөөнийг давхцуулахгүй байхаар зохицуулжээ. 

Худалдааны "Жоби" төв МҮХАҮТ-аас гаргасан уриалгад нэгдэв

Мөн халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн ажиллах талаар МҮХАҮТ-аас ААН-үүдэд хандан гаргасан уриалгад барилгын материалын худалдааны "Жоби" төв нэгдэж буйгаа мэдэгдлээ. Тус төв нийт 250 гаруй түрээслэгчтэй, халдвараас урьдчилан сэргийлж, худалдааны лангуу бүрийг тусгаарлах хаалт хийж, үйлчлүүлэгч бүрийн гарыг ариутган, хүн хоорондын зайг барьж, тусгаарлах өрөө бэлтгэн үйлчилж байна. Мөн түрээслэгч бүрийг нэг удаагийн хамгаалалтын хувцсаар ханган ажиллаж байна.