Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.06) хуралдаан 10 цаг 10 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

    “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хуралдааны эхэнд хэлэлцэж, энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав.

Улсын дээд шүүхээс санал болгосны дагуу Монгол Улсын Их Хурал 2013 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар тогтоолоор Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Үндсэн хуулийн цэцийн эдгээр гишүүн нэг өдөр, нэг тогтоолоор томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь нэгэн зэрэг дууссан. Гэтэл Улсын дээд шүүх бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний оронд нэг хүнийг санал болгосон байх бөгөөд ингэхдээ тухайн хүнийг Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосноо бүрэн эрхийнхээ дагуу нэг мөр шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Үндсэн хуулийн зөрчилд хөтөлж байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзжээ.

    Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 8.7-д “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах” нь зөвхөн Улсын дээд шүүхийн бүрэн эрх байхаар хуульчилсан. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгосон Ж.Эрдэнэбулганыг бүрэн эрхийн хугацаа нь нэгэн адил дууссан Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосон талаарх Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг тодруулан ирүүлэхийг хүсэхэд тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр “Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагдаж байна” гэх утга бүхий хариуг ирүүлсэн болохыг Ө.Шижир дарга танилцуулав.

Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсгийн “Цэцийн …гишүүнийг чөлөөлүүлэх саналыг анх илгээсэн байгууллага Улсын Их Хуралд ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна” гэсэн маш тодорхой хуулийн заалтыг зөрчиж, Улсын дээд шүүхээс Ш.Цогтоог чөлөөлүүлэх санал гаргаагүй, түүнчлэн Ш.Цогтоог чөлөөлөх асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж санал, дүгнэлт гаргаагүй байхад чуулганы нэгдсэн хуралдаанаар шууд хэлэлцэн шийдвэрлэсэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд огт нийцэхгүй байна гэж хоригт дурджээ.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж, Ц.Мөнх-Оргил, Д.Ганбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

    Улсын Их Хурал тодорхой албан тушаалтныг томилж буй шийдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих нь оновчтой эсэх дээр тал бүрдээ тунгаах нь зүйтэй гэдэг байр суурийг Ж.Сүхбаатар гишүүн илэрхийлж байв. Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал томилдог. Гэтэл Ерөнхийлөгч ийм байдлаар буюу өөрийн санал болгохоос бусад зургаан гишүүний томилгооны шийдвэрт хориг тавих хэлбэрээр оролцох юм бол Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаанд нөлөөлөл тогтоох нь гэдэг  тайлбар хийж болохуйц эрх зүйн гаргалгаа хийж болохоор байна хэмээн тэрбээр хэлсэн. Төрийн эрх мэдлийн хяналт тэнцлийг алдагдуулахуйц нөхцөл үүсгэж болохгүй гэж үзэж байгаагаа Ж.Сүхбаатар гишүүн илэрхийлээд холбогдох тайлбарыг хэлсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих” үндсэн бүрэн эрхийг Ерөнхийлөгч хэрэгжүүлэхээр заасан байдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга дурдав. Түүнчлэн энэ удаа хэн нэгэн хүний томилгоотой холбогдуулж Ерөнхийлөгч хориг тавиагүй гэдгийг Ө.Шижир дарга онцлоод “Чөлөөлөгдөх болзол хангасан хоёр гишүүний хэнийг нь чөлөөж байгаагаа Улсын дээд шүүх санал дээрээ тодорхойлоогүй байгаа” гэдэг хариултыг өгсөн.  

    Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн томилгоотой холбоотой шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлд анхаарахгүйгээр, улс төр гэж хандаад байгаа гэх шүүмжлэлийг Ц.Мөнх-Оргил гишүүн хэлж байлаа. Томилгооны хугацаа нь дуусаад 1.4 жил болсон дээрх гишүүдийг чөлөөлөх, орны томилгоог хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд Улсын Их Хурал байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Улсын дээд шүүхэд үүнтэй холбоотой шаардлагыг тогтмол хүргүүлсээр байсныг хуралдааны үеэр дурдав. Нөгөөтэйгүүр, Улсын дээд шүүх ч Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх үйл явцыг дүрэм журмаараа явуулсны үр дүнд олонхын санал авсан нэрийг ирүүлснийг анхаарах нь зүйтэй гэв. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөгдсөн Ш.Цогтоогийн асуудлыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээгүй гэх буруутгал нь үндэслэлгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд Байнгын хороо томилгоог хэлэлцдэг байсан туршлагыг эргэж харах, шаардлагатай бол баримтуудыг нягтлахыг санал болгов. Чөлөөлөх, томилох асуудлыг нэгбүрчлэн яриад, чуулганы хуралдаан дээр томилох нь дэмжигдэхгүй, чөлөөлөх нь дэмжигдэх юм бол орон гарах асуудал үүснэ. Тиймээс төрийн ажлын залгамж чанарыг хангах үүднээс Цэцийн гишүүнээр томилохыг дэмжсэн тохиолдолд чөлөөлөх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хамт шийдвэрлэдэг дэгтэйг тайлбарлалаа. Харин Цэц дээрх тодорхой нэг маргаан, асуудалтай холбогдуулж гишүүдийг нь чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа тохиолдолд Цэцийн гишүүний үйл ажиллагаа, оролцсон маргаан бүрийг эцэслэхийг хүлээж хэнийг нь чөлөөлж чадахгүй, Үндсэн хуулийн цэцийн гишүүд чөлөөлөгдөхгүй байх нөхцөл үүснэ гэдгийг тайлбарласан.

    Хэлэлцэж буй асуудлаар холбогдох тодруулгыг хийх шаардлагатай гэдэг үндэслэлээр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах саналыг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Ганбат танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 бүлгийн 15.4-т “Шийдвэрлэх хугацааг нь хуулиар тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч завсарлагын хугацааг тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэх боломжтой байхаар тогтооно” гэж заасан байдаг. Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө.

Ажлын хэсэг байгууллаа 

    Дараа нь ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах, тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулах танилцуулгыг С.Бямбацогт дарга танилцуулав.

Хууль зүйн байнгын хорооны даргын дээрх танилцуулцгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар, Ш.Адьшаа нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 15 гишүүний 9 нь дэмжлээ.

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолыг батлав

    Хуралдааны төгсгөлд “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. Хууль зүйн байнгын хорооны 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 9 дүгээр тогтоолоор байгуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, хуульч М.Мөнхбатыг нэмэхээр төсөлд тусган байна. Байнгын хорооны даргын энэхүү танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Энх-Амгалан, Ж.Сүхбаатар, Ш.Адьшаа нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүдийн асуултад ажлын хэсгийн гишүүн, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Өнөмөнх хариулт өгсөн.

Дараа нь санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 7 нь Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, хуульч М.Мөнхбатыг Монголын Хуульчдын холбооноос санал болгосны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахыг дэмжиж, холбогдох тогтоолыг баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.