Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолын 1.5 дахь дэд заалт /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/-ын хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тус Ажлын хэсгийн ажлын хүрээнд өнөөдөр /2021.4.7/ бага оврын ариун цэврийн байгууламжуудын технологийн шийдэл танилцуулах арга хэмжээ Шинжлэх ухаан технологийн их сургууль дээр болов.  

Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан нар энэ үеэр компаниудын үйлдвэрлэсэн сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орлох ариун цэврийн байгууламжуудын шийдлүүдтэй танилцахын зэрэгцээ үйлдвэрлэгчидтэй уулзаж,  жил бүр 100-гаас доошгүй цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болгох зорилгын төлөө бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж байгаа талаар ярилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.