Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн төв Жаргалант сумын хэмжээнд хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэг “улаан түвшин”-д шилжсэн.  Мөн хөдөөгийн 16 сум бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, “улбар шар түвшин”-д  ажиллаж буй. 

Үүнтэй холбогдуулан хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг шуурхай хүргэх, тэдний аюулгүй байдлыг хангах, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгааллын мэргэжлийн баг, Түр хамгаалах байрны ажилтнууд хуулиар хүлээсэн чиг үүргээ тасралтгүй биелүүлж байна. 

Хүүхэд хамгааллын мэргэжлийн баг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, 134 иргэнийг үе шаттай хамруулжээ. Улмаар хүнсний бүтээгдэхүүний багцыг 98 иргэнд өгсөн. Мөн хүүхдийн хөгжил болон дархлаажуулалтын багцыг 76 иргэнд олгосон байна. Түүнчлэн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг 45 иргэнд үзүүллээ. 

Одоогийн байдлаар хязгаарлалтын дэглэм тогтоосны улмаас гэртээ харьж чадахгүй, хүнс тэжээлийн хомсдолд орсон зарим сурагчдыг эцэг эхэд нь хүлээлгэн өгөх, дэмжлэг үзүүлэх ажил хийж байна.

Мөн эцэг эх, төрөл садан нь коронавирусний халдвар авч эмнэлэгт хэвтсэн, тусгаарлан ажиглах байранд ирсэн иргэдийн хүүхэд хараа хяналтгүй үлдэх эрсдэл бий. Иймээс холбогдох мэдээлэл, судалгааг нарийвчлан гаргаж хяналтад авах, тэдний суурь хэрэгцээг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажил өрнөж байна.  

Цаашид Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгааллын мэргэжлийн багийнхан байнгын бэлэн байдалд байж, гамшиг, онцгой нөхцөл байдлын үед хүүхэд, гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хангах аж.