Цаг үеийн мэдээ

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

- “COVID-19” халдвар ямар түвшинд байгааг мэргэжлийн хүний хувьд дүгнэж хэлнэ үү?

-Халдварын тохиолдлын тоо өдөр бүр нэмэгдэж байна. Хөл хорио тогтоохоор халдварын тохиолдлын тоо буурахгүй, өмнө нь халдвар авсан хүмүүс гарч ирж байна. Халдвар авсан хүмүүсийн тоо ихсэх тусам хүндээр өвдөж буй хүмүүсийн тоо өсөж байна. Архаг хууч өвчтэй, ахмад настай хүмүүсийн хувьд хүндээр өвдөж байна. Хөл хорио тогтоож байгаа болохоор аль болох гэртээ байж, халдвар авах эрсдэлээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй.

-Хэчнээн хүүхэд “COVID-19”-өөр халдварлаад байна вэ?

-Одоогоор 3091 хүүхэд өвчилсөн. Шинж тэмдэггүй халдвар явагдах тохиолдолд халдвар тараах эрсдэлтэй. Тиймээс гадуур явахгүй байх хэрэгтэй.

-“COVID-19” туссан хүмүүсээс PCR шинжилгээ нэхээд байна. Үүнийг яаж шийдэх вэ?

-Эдгэрээд гарч байгаа хүмүүстээ бичиг өгч байгаа. Тухайн хүн давтан шинжилгээг гурван сарын турш өгөхгүй байж болно гэсэн журам бий.

-Хөхүүл ээжүүдийн хувьд вакцин хийлгэсний дараа хүүхдээ хөхүүлж болох уу?

-Анагаах ухааны доктор Д.Мөнхцэцэг мэдээлэл өгсөн. Түүний ярилцлагуудыг үзэх хэрэгтэй. Хөхүүл хүмүүс вакцин хийлгэсний дараа хүүхдээ хөхүүлж болно.

-Хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүс гэрээр хэрхэн эмчлүүлж байгаа вэ?

-Хөнгөн хүмүүс 14 хоногийн дотор эмчлэгдэж байгаа. Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүст халууны шил, D, C витамин зэргийг тарааж өгсөн. Биеийн байдлыг үнэлэх аргуудыг өрхийн эмч нар зөвлөж байгаа. Батлагдсан тохиолдол гэрээр эмчлүүлэхэд юу анхаарах вэ гэсэн ном “E-Mongolia” сайт руу ороод, Бидний хэрэгжүүлэх есөн дадал гэсэн номыг үзээрэй.