Цаг үеийн мэдээ

Засгийн газар, Рио Тинто группийн төлөөллүүд өнөөдөр хэлэлцээний ширээний ард суулаа. Засгийн газрын ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд х.Нямбаатар, Рио Тинтогийн группийн ажлын хэсгийг Зэсийн группийн захирал Б.Болд ахалж байна. Б.Болд захирал өнгөрсөн сарын сүүлээр Монголд ирсэн ч хэлэлцээ өнөөдөр эхэллээ. Түүнтэй хамт “Туркойз хилл Ресурс”-ын 4-5 мэргэжилтэн Монголд ирсэн юм.  

Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ (2015 оны тавдугаар сарын 18-нд байгуулсан) болон Хөрөнгө оруулалтын гэрээ (2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулсан)-г сайжруулан, зардлыг бууруулах, Монголын талын өгөөжийг өсгөх нь Засгийн газрын зорилго. Дубайн гэрээнд заасны дагуу 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг олон улсын 14 банк, санхүүгийн байгууллагаас зээл авах замаар босгон, далд уурхай барих ажлыг хэлүүлсэн. Гэвч дахин 1.4-1.8 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн мэдээг өнгөрсөн онд цацсан юм. Нэмэлт санхүүжилтийг хаанаас, ямар арга замаар татах шийдэлд хүрэлгүй, удаан хугацаанд хэлэлцсэн ч Туркойз хилл ресурс, Рио Тинтотой гэрээ байгуулав.    

Талууд далд уурхайн зардлыг 1.4 хүртэл тэрбум ам.доллараар бууруулах шийдэлд хүрсэн нь сайн хэрэг.    

Тодруулбал, хэлэлцээ эхлэхийн өмнө Рио Тинто групп дотоод асуудлаа амжилттай шийдэж, “Оюу толгой” компанийн 66 хувийг эзэмшигч, “Туркойз ойл ресурс” ХК-тай Санхүүжилтийн шинэ гэрээ байгууллаа. Тэд өнгөрсөн есдүгээр сард эхлүүлсэн хэлэлцээ нь зөвшилцлөөр өндөрлөсөн мэдээг өнгөрсөн баасан гарагт олон нийтэд танилцуулсан юм. Талууд далд уурхайн зардлыг 1.4 хүртэл тэрбум ам.доллараар бууруулах шийдэлд хүрсэн нь сайн хэрэг.    

Одоо энэ гэрээг “Оюу толгой”-н ТУЗ батлах ёстой. ТУЗ-д Монголын Засгийн газрыг төлөөлж гурван гишүүн ажилладаг. Тэд шинээр байгуулсан гэрээний нөхцөлүүд 34 хувийг эзэмшигч болох Засгийн газарт өрийн дарамт үүсгэх, ногдол ашиг авах хугацааг дахин хойшлуулах эсэх, аль зардлыг ямар хэмжээгээр бууруулсан зэргийг судлан нягтлах нь тодорхой. Хэрэв “Оюу толгой”-н ТУЗ Санхүүжилтийн шинэ гэрээг баталбал далд уурхай анх тооцоолсон хугацаанд буюу ирэх оны аравдугаар сард олборлолтоо эхлүүлнэ. Үүний тулд зургадугаар сард газрын гүнд хөрс нураах ажил эхлэх юм. Хөрс нураалтыг нэг эхлүүлсэн бол зогсоох боломжгүй гэдгийг “Оюу толгой”-нд далд уурхайн инженерүүд онцолдог. Мөн хөрс нураахад их хэмжээний цахилгаан шаардлагатай тул эрчим хүчний эх үүсвэрээ хаанаас хангах асуудлыг ч өнөөдөр эхэлсэн хэлэлцээгээр шийднэ.

Далд уурхайд ашиглах блокчлон олборлох аргыг Рио Тинто группийн АНУ, Австрали, Африк дахь уурхайнуудад ашигладаг байна.                 

Рио Тинто групптэй хийж буй хэлэлцээний багийн гишүүд

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго 

“Эрдэнэс Оюу толгой” компанийн захирал Ц.Түмэнцогт