Цаг үеийн мэдээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд дараах ажлуудыг хийж дуусгах үүргийг өглөө. Үүнд:

Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд

Авто зам болон явган зорчигчийн замын заадас нөхөх, засвар шинэчлэл.

Нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган зорчигчийн гарц, замын тэмдэг,тэмдэглэгээ, хайс, хашлагыг сэргээн засварлах, шинэчлэх.

Инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэл.

Гэрэл дохио, авто замын гэрэлтүүлгийн засвар шинэчлэл.

Нийтийн тээврийн автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх.

Нийтийн эзэмшлийн гудамжны тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх.

Дүүргүүд өөрсдийнхөө онцлогт тохируулан нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг угааж цэвэрлэх ажлын төлөвлөгөө гаргаж, ажлаа эрчимжүүлэх.

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах.

Ил задгай кабелийн цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулах.

Өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбар, хаалт, хашаануудыг буулгаж, цэгцлэх.

Явган зорчигч, авто тээврийн хэрэгсэлд аюул учруулахуйц элдэв саад, хурц ирмэг бүхий болзошгүй аюул учруулах зүйлсийг янзалж цэгцлэхийг тус тус үүрэг болгов.

Өнөөдрийн зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм. Тухайлбал,  иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа барилгын болон бусад чиглэлээр ухаад орхисон нүх, овоолсон шороо зэргийг цэгцлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 19, 27 дугаар хороо, Толгойтын сувагт уулын цас, мөс хайлж үерийн далангаас давсан хэсгүүдэд 704 шоо метр шороо тээвэрлэн хаалт хийжээ. 

Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга угсралтын талбайн түр хашааг стандарт норм, дүрэмд нийцүүлэх, нэгж талбараасаа илүү талбайг хашаалсан хашаа хайсыг татуулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудын зөрчлийг арилгах ажил хийлээ. Мөн ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулах, зөрчлийг арилгах, өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбаруудыг цэгцлэх, стандарт норм, дүрмийг мөрдүүлэх ажлуудыг газар дээр нь хийж,  зөрчлийг арилгуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан байна.

Түүнчлэн хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн 35 байршилд үзлэг шалгалт хийж, хоёр байршилд шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 19, 27 дугаар хороо, Толгойтын сувагт уулын цас, мөс хайлж үерийн далангаас давсан хэсгүүдэд 704 шоо метр шороо тээвэрлэн хаалт хийжээ. Авто замын гүүрний хэсэгт 1000 кг давс, бодис цацсан бөгөөд 36-р байрны гарааш усанд автсан тул 2820 шоо метр усыг машинаар соруулж, 2220 шоо метр усыг насосоор соруулан зайлуулж, яаралтай арга хэмжээ авч ажилласан.

Мөн  Сүхбаатар дүүргийн 18-р хороо Гүнжийн булаг орчмын уулын цас, мөс хайлж, шар усны үер айл өрх рүү халихаас сэргийлэн 0.8 метр гүн 1.2 метр өргөн 510 метр урт суваг татан, шаардлагатай арга хэмжээг авсан байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс